Өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт коронавирусийн анхны тохиолдол илэрсэн талаар бид мэдээлсэн. Халдвар авсан иргэнтэй хамт нэг онгоцонд сууж явсан Их Британийн иргэнийг Увс аймагт тусгаарлажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус иргэнээс халуурах шинж тэмдэг илэрсэн тул сэжигтэй тохиолдолд тооцсон гэх мэдээлэл байна.
Энэ талаар Увс аймгийн онцгой комиссын дарга Д.Батсайхан,
“Увсад байгаа 67 настай англи хүн Франц улсын иргэнтэй нэг онгоцонд сууж ирсэн байна. Тэр хүн Улаангом хотод зочид буудалд нэг хоноод, Бөхмөрөн сум руу хөдөлсөн байна. Замдаа малчин айлд хоносон байна. Бид Улаангомд хөл хорио тогтоож, хавьтал болсон иргэдийг олж тогтоохоор ажиллаж байна. Британи иргэн нэр бүхий хоолны газруудаар үйлчлүүлсэн нь тогтоогдсон” гэлээ.
Их Британийн иргэн “Аэро Монголиа” компанийн онгоцоор Увсад зорчсон аж.