
Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” өвчлөл Монгол улсад гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг Дарга урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг албан байгууллагуудад өгөөд байна.
Тэгвэл өнөөдөр нийслэлийн хэвлэл мэдээллийн төвийн байранд албаныхан цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
МХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг 16-ныг хүртэл зогсоосон. Эдгээр аж ахуй нэгжүүд мөн жавилен, натри, химийн халдваргүйжүүлэх бодисыг хэрэглээд ажилчдынхаа амны хаалтыг зүүлгэж, биеийн халууныг хэмжиж, халуурсан хүн байвал тусгаарлах байр бэлтгэх ёстой.
Байгууллага бүр гар угааж халдваргүйжүүлэх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Нийтийн ариун цэврийн өрөө, угаалтуур, суултуураа бүрэн ариутгаж байх хэрэгтэй.
Нийслэл хотын хэмжээнд 1,300 гаруй эмийн сан бий. Эдгээрт амны хаалт, ариутгалын бодисын худалдаа явагдсаар байгаа. Амны хаалт, ариутгалын бодисын үнийн хөөрөгдөл, хомсдол бий болсон байвал 7012-8012 утсанд гомдлоо гаргах боломжтой. Энэ дагуу хууль бус үйлдэлд хариуцлага тооцно" гэв.