
Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Франц иргэний хажууд зорчиж явсан Англи улсын иргэн Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат хэмээх газар тусгаарлагдсан талаар бид мэдээлсэн билээ. Тухайн иргэн нь н.Эрдэнэбаатар хэмээх малчин иргэний хотонд дөрөв хонож, байгалийн зураг авч байжээ. Түүнийг Франц улсын иргэнтэй хамт зорчиж явсныг мэдмэгч сумын эмнэлгийнхэн тус айлын тусдаа гэрт тусгаарласан байна.
Өчигдөр түүний шинжилгээний сорьцыг Улаангомоос нийслэл рүү илгээсэн талаар тус аймгийн Онцгой комиссын дарга Д.Батсайхан мэдэгдсэн. Англи иргэнийг хоёр цаг тутамд халууныг нь үзэж шинжлэхэд коронавирусийн шинж тэмдэг илрээгүй байна гэж мэдэгдлээ. Харин тус иргэнтэй хамт нэг онгоцонд зорчиж явсан өөр нэгэн гадаад иргэний шинжилгээний хариу гарсан бөгөөд "сөрөг" гарчээ.