
ЭМЯ өнөөдрийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал дараах мэдээлэл өглөө.
Нэгдүгээр сарын 09-нөөс хойш нийт 1820 ирэгнийг ажиглалтад авч байна. Сэжигтэй тохиолдол 290-ээр нэмэгдсэн. Асралт мед, Сэлэнгэ, Цэргийн төв эмнэлэгт хязгаарлалт хийж, ажиглаж байгаа иргэд бий. Баян-Өлгий аймгийн Цагааннуур хилийн боомтоор орж ирсэн 59 иргэнийг тусгаарлалт аваад байна. Шүд өвдөөд халуурсан гэх нэг иргэнийг нэгдсэн эмнэлэгт тусгаарлалтад авсан. Бусдыг нь сургуулийн дотуур байранд тусгаарлаад байгаа.
Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 250 иргэн ирнэ. Зайлшгүй тохиолдлыг ХӨСҮТ-д аваачиж тусгаарлана. Харин бусдыг нь Цэргийн төв эмнэлэгт хүргэнэ. Гадаадаас ирсэн иргэдийг ар гэрийнхэн нь угтахгүй байхыг анхааруулж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Эрүүл мэндийн яамнаас шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө, мэдээллийг тогтмол хүргэсээр байна. Цаашид ч мэдээллээ цахимаар олгохыг эрмэлзэж байна. Хүмүүсийн сонирхсон асуултад цахимаар хариулах боломжтой чатботыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч хөгжүүлж байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:Европ COVID-19-ийн гол төв болж байна. Дэгдэлтийг хязгаарлах зорилгоор олон нийтийн арга хэмжээг цуцалж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Итали, Иран, Испани улсад хоногт 1,000-1,500 тохиолдол бүртгэгдсэн.