
Улаанбаатар хотын захиргаанаас энэ сарын 10-ны өдрөөс 16-ны өдөр хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлж байгаа барааны зах, худалдаа үйлчилгээний газар, халуун уснаас бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэгүүдийг хаах шийдвэр гаргасан. Тэгвэл захирамжийн үйлчлэл өнөөдөр дуусч, байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн ажиллана.
Энэ талаар Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хуралдааны үеэр ярихдаа “Ариутгал халдваргүйтгэлээ сайтар хийж, элдэв зөрчил дутагдал гаргаагүй зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдөр нээнэ. Энэ нь гуравдугаар сарын 10-ны шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон байгууллагуудад хамаатай. Гэхдээ ариутгал, халдваргүйтэлийн ажлыг цаашид ч орхигдуулж болохгүй. Мөн иргэдийн зүгээс сургалтын төв, фитнесс, спортын танхимыг нээх санал ирүүлсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим амралт, сургалтын төв, фитнес, ууланд гарч агаар салхинд алхах гарцуудыг нээж эхэлнэ. Гэвч ингэлээ гээд иргэд олноороо нэг дор бөөгнөрч, эрсдэлтэй нөхцөл үүсгэхгүй байх тал дээр хяналтаа сайтар тавих ёстой” хэмээн үүрэг болголоо.

