
УОК-ын Шуурхай штаб ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хэлэхдээ " Гадаад улсын ямар ч иргэнийг Монгол Улс руу оруулахгүй. ОХУ-аас ирж буй хүнсний тээврийг л зөвхөн нэвтрүүлнэ. Улс орныхоо эрүүл ахуйн үүднээс гадаадад оршин суугаа иргэд тухайн улсдаа зохицон амьдарч, эрүүл мэндээ сахин хамгаалахыг хүсэж байна. Европт нөхцөл байдал маш хүнд байна" гэлээ.
Мөн мэдээллийн хурлын үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцуулав.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэл, аймгийн онцгой комиссоос гарсан шийдвэрт хяналт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд хүнсний бараа бүтээгдэхүүний хангамжийн асуудалд анхааран, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний эрүүл ахуйд хяналт тавьж байгаа юм.
5,636 ААН-д хяналт шалгалт хийсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хоолны хордлого зэрэг аж ахуйн нэгжийн эрүүл ахуй, халдвар хамгаалалтай холбоотой доголдол гарвал эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд бэрхшээл үүсгэх тул анхааран ажиллаж байна. Түүнчлэн хилээр хүнсний бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай нэвтрүүлэхэд бусад хилийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. Үүний зэрэгцээ лабораторийн шинжилгээг ч хийж буй.
Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг өнөөдрөөс сэргээж байна. Ард иргэд, үйлчилгээний байгууллагууддаа уриалахад мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох шуурхай хэлтсээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд хүлээцтэй хандах хэрэгтэй гэв.