
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор "Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбоотойгоор хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангалт, нийлүүлэлт, үнийн түвшинг тогтвортой байлгах, зохиомлоор нэмэх, дамлан худалдахад хяналт тавьж ажиллахыг ШӨХТГ болон бусад төрийн байгууллагуудад үүрэг болгосон.
Энэ чиг үүргийн хүрээнд ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч, аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ Улсын Их дэлгүүрийн "Номин"-д махны үнийг нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийсэн байна.
Тус компани нь гуравдугаар сарын 10-ны өдөр хонины ястай махны үнийг 1500 төгрөгөөр, үхрийн ястай махны үнийг 2000 төгрөгөөр, үхрийн цул махны үнийг 3500 төгрөгөөр тус тус нэмсэн байна. Тухайлбал, үхрийн цул мах 14,499 төгрөг байсныг 17,999 төгрөг болгон нэмсэн нь тогтоогдсон байна.
Иймд улс оронд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь "Номин тав трейд" компанид Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.