
Өчигдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг иргэн шинэ коронавирусийн халдвар авсан нь Эрүүл мэндийн яам мэдээлсэн.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар "онгоцонд “Херо энтертайнмент”-ийн зураглаач н.Төрхүү гэгч иргэн зураг авалт хийх зорилгоор иргэдтэй хамт явсан зорчиж явсан, түүнийг тусгаарлаагүй, гадуур сул чөлөөтэй явж байна" гэх мэдээлэл цахим орчинд шуугиан тариад байна.
Тэгвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх мэдээллийг үгүйсгэлээ.
"Гадаадаас иргэдийн авчирсан гурван онгоцыг мэргэжлийн хяналтын байгууллага хүлээж аваад эрүүл мэндийн хяналт тавьж ажилласан. Та бүхний мэдэж байгаачлан энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар, 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоц нисэж ирсэн. Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн бүх хүнийг тусгаарласан. Тус нислэгээр ирсэн зорчигчдод МХЕГ-ын байцаагчид үзлэг хийх явцад нэг зорчигч халуунтай, хоолой нь өвдсөн шинж тэмдэгтэй байсан учраас ХӨСҮТ-рүү яаралтай шилжүүлсэн.
Нислэгийн явцад бүх зорчигчдыг амны хаалттай байлгасан. Мөн хоол хүнс өгөөгүй. Өөрөөр хэлбэл, хавьтал болохгүйн тулд ямар нэг үйлчилгээ үзүүлээгүй юм. Бүх үйл ажиллагаа халдвар хамгааллын дэглэмийн дагуу явагдсан. Ямар нэгэн хяналтаас гадуур үйл ажиллагаа болоогүй. Мөн тусгаарлалтаас гадуур үлдсэн нэг ч хүн байхгүй" хэмээлээ.