
Улсын Онцгой комисс хуралдлаа. Хуралдааны талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин "Одоогийн байдлаар Баян-Өлгий аймагт Казахстан, ОХУ-аас орж ирсэн 133 иргэнийг тусгаарлаад байна.
Өчигдөр орой Монгол Улсад коронавирусийн халдварын гурван тохиолдол нэмэгдэж бүртгэгдлээ.
Франц улсын иргэний биеийн байдал сайн байна. Францын талаас иргэнээ татаж авъя гэж санал тавьж байсан. Монгол Улс тус иргэнийг эмчлэх бүрэн боломжтойг илэрхийлсэн. Францын тал бидэнд итгэсэн.
Одоогоор 750 орчим иргэнийг авч ирээд тусгаарлаад байна. Бид анхнаасаа гадаадад байгаа иргэдээ эх оронд нь авчрах байр суурьтай байсан. Мөн энэ ажил ямар их эрсдэлтэйг нь ч мэдэж байсан. Тийм ч учраас бид бэлтгэл ажлаа маш сайн урьдчилж хангасан.
Ирсэн хүмүүсийг бүгдийг нь тусгаарласан учир ард иргэд сандрах хэрэггүй. Янз бүрийн худал мэдээллүүд энд тэнд явж байна. Энэ нь коронавирусээс илүү аюултай.
Мөн тусгаарлагдсан иргэд рүүгээ янз бүрийн дайралт хийж болохгүйг сануулмаар байна. Хэнд ч ийм өвчин тохиолдож болно. Тэдний сэтгэл санааг тайван байлгах ёстой.
Мөн сүүлийн үед коронавирусээр далимдуулж улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн хүмүүс их болж. Ийм ёс зүйгүй авирлаж байгаа хүмүүст хариуцлага тооцно" хэмээлээ.