
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа.
Тэрбээр "АШУИС-ийн дэргэдэх Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлэг байгуулах асуудлаар хэлэлцлээ. Үүний санхүүжилтийн болон техник тоног төхөөрөмжийг асуудлыг цогцоор нь шийдвэрлэлээ.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр "тус эмнэлгийг хувьчлах гэж байна" гэсэн буруу зөрүү мэдээлэл цацагдсан. Тэгвэл тийм асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Өнөөдрөөс тус эмнэлэг БСШУСЯ-ны харъяанд шилжиж байгаа. Цаашид энэ эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Тоног төхөөрөмжийн асуудлыг Дэлхийн банкны санхүүжилтээр шийдвэрлэнэ" хэмээлээ.
Мөн тэрбээр сургууль, цэцэрлэгийн асуудлаар ярихдаа "Өчигдөр УОК-оос манай яаманд хандсан. Энэ дагуу бид ЭМЯ-нд хандсан. Тухайлбал, цаашид коронавирусийн тархалтын нөхцөл байдал ямар байх, хорио цээрийг үргэлжлүүлэх шаардлагатай эсэх асуудлаар мэргэжлийн хүмүүсийн санал дээр үндэслэнэ. Саналыг бид баасан гарагт УОК-т танилцуулна" гэлээ.