
Эрүүл мэндийн яамны байранд албаныхан ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн дотор Африк тивийн таван оронд шинээр өвчлөл бүртгэгдсэн. Барууны улс орнуудад халдвар идэвхтэй эрчимтэй тархаж, хүндрэл үүсэж байна.
Дэлхийн хэмжээнд эхний гурван сард 100 гаруй мянган хүн өвдөж байсан бол сүүлийн 10 хоногт 100 мянган тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэхүү өвчин Европ тивээс Ази тив рүү зөөвөрлөгдөж магадгүй болоод байна" гэлээ.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Ази тивд коронавирусийн хоёр дахь давлагаа болох эрсдэл өндөр байна. Иймд бүх орнууд өөрсдийгөө хамгаалах эрчээ сулруулж болохгүй" гэж ДЭМБ анхаарууллаа.
Испани, Франц, Герман, Швейцарь зэрэг улсуудад халдвар маш хурдан тархаж байна. Итали улсад нэгхэн өдрийн дотор 400 гаруй хүн нас баржээ. Цогцос чандарладаг газрууд нь ачааллаа дийлэхээ больсон байна.
Мөн ДЭМБ-аас мэдээлснээр "Африк тивийн 54 улсын 34-т нь коронавирусийн халдвар гараад байна. Хэрэв энэ тивийн 1.3 тэрбум хүний дунд цар тахал гарвал маш том сүйрэл болно. Израйль, Аргентин улсуудад онцгой байдал зарлаж, иргэдээ гэрээс нь гаргахыг хоригложээ. "Энэ бол хүсэлт биш, зөвлөмж биш, шаардлага" хэмээн Израйлийн Ерөнхий сайд мэдэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 107 улсад сургууль, цэцэрлэгийг хаагаад байна. Их долоогийн уулзалт, ЮНЕСКО-гийн чуулган хойшиллоо. Япон, Перу зэрэг орнууд өөрсдийн иргэдээ тусгай үүргийн онгоцоор татаж авч байна.
Өвчлөл бүх тивийг хамарсан учир цаашид Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна. Иймд манай улс хамгаалах тактикаа үргэлжлүүлэн барих шаардлагатай байна" гэлээ.