
Улсын Онцгой комисс хуралдаж шийдвэр гаргалаа.
УОК-ийн дарга Ө.Энхтүвшин: Дөнгөж сая УОК-ийн 2020 оны 13 дугаар хуралдаан боллоо. Өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Тухайлбал, "Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах тухай", "Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон хугацааг сунгах тухай", "Олон улсын зорчигч тээврийг зогсоосон хугацааг түр зогсоох тухай" "Хилийн боомтууд дээр авах арга хэмжээний тухай" хэлэлцлээ.
АНУ, Европын орнуудад байдал өдөр ирэх бүр хурцдаж байна. Тухайлбал, Итали улсад нэг өдрийн дотор 5,862 шинэ тохиолдол, АНУ-д 4,825 шинэ тохиолдол нэмэгдлээ. Долоо хоногийн өмнө АНУ-д халдварын тоо 1200 байсан бол одоо 13,350 болжээ. Мөн хойд хөршид халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа. Энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа болон олон улсын нислэгийг зогсоосон хугацааг 4-р сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа.
Улсын Онцгой комисс энэхүү шийдвэрээ Засгийн газрын хурлаар оруулах юм байна.