
Коронавирусийн эсрэг тэмцэхэд зориулж АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 1.2 сая ам.долларын тусламж үзүүлж байгааг Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески зарлалаа.
"Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд оролцох боломж олгосон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд баярлалаа. Мөн ДЭМБ-ын төлөөлөгч болон НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч нар хамт байгаад баярлалаа.
АНУ-ын Засгийн газраас COVID-19 цар тахлын эсрэг тэмцэж байгаа Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3.3 тэрбум төгрөг буюу 1.2 сая америк долларын тусламж өгч байгааг зарлаж байна.
Энэхүү тусламж нь Монгол Улсын мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай хэрэгсэл, материалын нөөц бүрдүүлэх, усны хангамж, эрүүл ахуй, ариун цэврийн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх чиглэлд зориулагдана. Мөн эмнэлгийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тандалт судалгаа хийх болон өвчтөнд чанартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд зориулагдана.
COVID-19 цар тахал нь хүн бүрийн санааг зовоож байна. АНУ энэхүү тахлыг зөвхөн дотооддоо төдийгүй дэлхий даяар зогсоохын тулд өргөн хэмжээний нөөц бололцоо дайчилж байна. Хилийн чанадад байгаа америк иргэддээ мэдээлэл хүргэж, аюулгүй байдлыг нь хангахын сацуу эх орноо хамгаалж, цаашид гарч болох аюулт тахлаас сэргийлэхэд бэлэн байхын тулд АНУ-ын Засгийн газраас шийдвэртэй арга хэмжээнүүдийг АНУ-ын Төрийн департментаас авч хэрэгжүүлж байна.
Монгол Улс энэхүү бодит байдлыг урьдчилж олж харсан. Монгол Улсын Засгийн газраас өнөөг хүртэл авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь өндөр сэтгэгдэл төрүүлж байна.
Монголд ч, АНУ-д ч COVID-19-ын эсрэг тэмцэж байгаа нийт эмч, алба хаагч нартаа гүн талархал илэрхийлье.
Бид зангидсан гар шиг эвлэлдэн нэгдэж, энэ халдвартай тэмцэх ёстой. АНУ Монгол Улсын стратегийн түнш гэдгээрээ бахархдаг бөгөөд өнөөдрийн энэ тусламж бол бидний тууштай хамтын ажиллагааны тод илрэл юм.
Гуравдагч хөршийн хувиар Монгол Улс төдийгүй Ази-Номхон далайн бүс нутагт эх тайван, ардчилал, хөгжил цэцэглэлтийг тогтоохын төлөө бидний анд нөхөд энэ хэцүү бэрх цагт ч хамт байх болно.
Баярлалаа" гэлээ.