
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. МХЕГ-ын мэдээлснээр ЭМЯ-тай хамтран өнөөдрийн байдлаар 7242 ор бүхий 106 объктод хяналт тавьжээ.
"Өнөөдрийн байдлаар 1804 хүн ажиглалтад байна. Цаашид тусгаарлах байрны бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа" гэв.
Мөн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг Улаанбаатар хотод долоон зочид буудал, амралт сувиллын газруудад тусгаарлаж, ЭМЯ-тай хамтран хяналт тавьж зөвлөмж хүргүүлжээ.
Хяналт шалгалтаар нийт 11 зөрчил илэрсэн байна. Зочид буудлын менежер, гал тогооны ажилчид хамгаалалтын маскгүй, зохион байгуулах менежментийн ажилтангүй зэрэг зөрчил илэрчээ. Баян-Өлгий аймгийн тусгаарлах байрны эрчим хүч тасалдсан. Тиймээс эрчим хүчээр хангах бэлтгэл байдлыг хангуулахаар ДЦС-ын 148 байгууллагад хяналт тавьж 245 сая төгрөгийн зөрчлийг арилгуулсан байна.
Хилийн боомтуудаар нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, зөвлөмжийн наалт нааж байна гэв. Гашуун сухайт боомтоор гурван аж ахуй нэгжийн 70 автомашин хилээр нэвтрэх шаардлага хангасан. МХЕГ-аас ариутгал халдваргүйжүүлэлтийг хил, гаалийн системээр зохион байгуулж байна.