
ЭМЯ-ны байранд албаныхан шинэ коранавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа: Итали улсад 24 цагийн дотор 914 хүн нас барлаа. Тус улсад эрүүл мэндийн ажилтнуудын 8.4 хувь нь, Испанид 15 хувь нь халдвар авч байна.
БНХАУ-д сүүлийн өдрүүдэд шинэ халдварын дийлэнх нь гадаадаас зөөвөрлөгдөн ирж буй тул өнөөдрөөс хилээ хааж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Өнөөдрийн байдлаар 3837 иргэн тусгаарлагдсанаас яг одоо 2390 иргэн тусгаарлагдаж байна. 320 эмч, мэргэжилтэн мөн тусгаарлагдан үйлчилгээ үзүүлж байна. Галт тэргэнд Төмөр замын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд зорчигчдод тусламж үзүүлж байна.
Улсын хэмжээнд 52274 эмч, мэргэжилтнүүд иргэдэд тусламж үзүүлж байна. Онлайнаар хичээлээ хийж буй орон нутгийн оюутнууд орон нутгийнхаа эмнэлэгт тусламж үзүүлэх саналаа гаргасан. Орон нутгийн оюутнууд ирэх даваа гарагт эрүүл мэндийн байгууллагууддаа ажиллаж эхэлнэ.