
Эрүүл мэндийн яамны байранд албаныхан шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Сүүлийн 24 цагт Хойд Марианы арал, ОХУ-ын Эрхүү хотод шинэ коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ.
АНУ, Франц, Герман, Испани, Швейцарь зэрэг улс орнуудад өвчлөл эрчимтэй тархаж байна. Үүний дотор АНУ-д нөхцөл байдал маш хүнд байгаа. Тус улсад өчигдөр 89 хоригдол нэгэн зэрэг халдвар авсан тогтоогджээ.
АНУ-д нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч Д.Трамп "2 метр зай барих аян"-ыг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгах чиглэл өгсөн байна. Үүнтэй холбогдуулан Конгрессийн хурлыг 10-аас дээшгүй гишүүнтэйгээр хийх юм байна" гэв.
ДЭМБ-аас тусгаарлалтад байгаа хүмүүсийг биеийн хувьд эрүүл байхаас илүүтэй сэтгэцийн хувьд хэвийн байхыг зөвлөж байна. Мөн дараах зөвлөмжүүдийг гаргажээ.
- Нэгдүгээрт, эрүүл зөв хооллох, жингийн илүүдэлд орохгүй байх, хүүхдийн хооллолтод анхаарах,
- Хоёрдугаарт, архины хэрэглээнээс татгалзах, чихэрлэг хүнс аль болох хэрэглэхгүй байх,
- Гуравдугаарт, тамхинаас татгалзах,
- Дөрөвдүгээрт, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх. Том хүн өдөрт 30-аас доошгүй минут, хүүхэд нэг цагаас доошгүй хугацаагаар дасгал хөдөлгөөн хийх.
- Тавдугаарт, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах. Тухайлбал, ойр дотны хүмүүстэйгээ холбоотой байх. Нэг нэгэндээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг зөвлөмжүүдийг өгч байх.