
Төв талбайн урд хэсэг буюу Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд орчин үеийн иж бүрэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эхэлж байгаа талаар албаныхан мэдээллээ.
Өнгөрсөн жил төв талбайн урд хэсэг хувийн хэвшилд шилжсэн байсныг Хотын дарга эргүүлэн нийтийн эзэмшил болгосон бөгөөд энэ байршилд ямар бүтээн байгуулалт хийх талаар иргэдээс ирсэн саналын дагуу цэцэрлэгт хүрээлэн барихаар шийдвэрлэсэн байна.
Тус цэцэрлэгт хүрээлэнд 85 м урт, 14 метрийн өргөнтэй аялгуут усан оргилуур, нийтийн бие засах газар барихаас гадна иргэдийн амарч, зугаалах орчныг бүрдүүлэх тохижилтуудыг хийхээр зураг төсөлд тусгасан байна.
Бүтээн байгуулалт, тохижуулалтын ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлэн зургаадугаар сард багтаан дуусгах аж. Энэхүү бүтээн байгуулалтад 3.2 тэрбум төгрөг зарцуулагдах бөгөөд Нийслэлийн Хот тохижилтийн газар хийж гүйцэтгэх юм байна.