
Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд 251, дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлд 255 иргэний бүртгэл баталгаажсан байна.
Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн анхаар зүйлсийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодрууллаа.
Тэрбээр " Тусгай үүргийн нислэгээр Сөүл, Токио хотоос Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Монгол Улсаас Сөүл, Токио руу явах гэж буй иргэдэд шинэ мэдээлэл өгөх шаардлагатай боллоо.
БНСУ-ын засгийн газар дэлхийн бүх улсаас ирж буй гадаад, дотоодын иргэдийг 14 хоног тусгаарлах горимд шилжлээ. Үүнтэй холбоотойгоор зөвхөн зайлшгүй шаардлагатай ажлаар БНСУ-д зорчих, байнга оршин суух эрхтэй буюу гурван сараас дээш хугацааны визтэй иргэдийг энэ нислэгүүдээр хүлээн авах боломжтойг Солонгосын тал мэдэгдсэн.
УОК-оос гадаад руу зорчих гэж буй эдгээр иргэдээс ойрын гурван сарын хугацаанд буцаж ирэхгүй гэх нотолгоог МИАТ компани авч билетийг нь баталгаажуулж байгаа" гэлээ.