
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуусч байгаатай холбогдуулан агаарын чанарын талаар Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан боловч тодорхой сайн үр дүнд хүрэхгүй байсан. Харин Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш мэдэгдэхүйц хэмжээнд агаарын бохирдол буурлаа. 2019 оноос 2020 онд шилжих өвлийн агаарын чанарын хэмжилтүүдийн үзүүлэлтийг өнгөрсөн онуудтай харьцуулахад агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурсан өндөр үзүүлэлттэй байна” гэлээ.
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Монгол улсад коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдсэн. Хоёр хүн эмнэлгээс гарч сувилалд ажиглалтад байгаа бол 12 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Нийт ард иргэддээ хандан хэлэхэд анхаарал болгоомжоо сулруулахгүй байж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулья. Мөн гэр доторх агаарын сэлгэлтээ сайн хийж, дархлаагаа дэмжих шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэн анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг хүсч байна” гэсэн юм.