
Байгалийн түүхийн музейн буурин дээр "Чингис хаан” музейн барилгын ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Уг музей нь 53 тэрбум төгрөгийн төсвөөр босох юм.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн ээлжит хуралдаанаар Чингис хааны музей байгуулах, Байгалийн түүхийн музейг Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэх тухай тогтоол баталсан билээ.
Тус музейд Чингис хаантай холбоотой түүхийн үзмэрийн танхимуудаас гадна Монголын 37 хааны үзмэрийн танхимууд байрлах бөгөөд Монгол Улсад төрт ёс бий болсон цагийн үзмэрээс эхлэн олон үзмэрүүдийг байрлуулахаар төлөвлөж буй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолыг нээж үг хэллээ. Тэрбээр "Өнөөдөр Монгол түмний хувьд түүхэн өдөр тохиож байна. Монгол туургатны их түүх, үндэсний эв нэгдлийг бататган үеийн үед сүндэрлэх Чингис хаан музейн барилгыг өнөөдөр эхлүүлж байна. Хаадын хаан Чингис хаанаар овоглосон энэ музейд үе үеийн хаадын түүхийг дэлгэн харуулахаас гадна судалгаа-сургалт-танин мэдэхүй гэгээрлийн цогцолбор болно. Их хаадын минь сүр сүлд биднийг мөнхөд ивээг" гэж хэлэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг"Төрийн тахилгат 10 хайрхан, таван тансаг идээ, таван өнгийн хадаг, рашаан булгийн ариун усны дээж, таван үр, таван үнэртэн, таван эмийн дээш тэргүүтнийг 21 аймгаас залж авчирсан есөн эрдэнийн дээжис бүрийг хуран чуулуулж шүншигийг бэлтгэсэн. Гурав хоногийн өмнөөс эртний өв уламжлалаар нь бэлдсэн, Монгол орны бүх газар нутгаас залж ирсэн шүншиг юм" гэлээ.