
Яармагийн дэнжид суурийг нь тавьсан, ашиглалтад орохоо 10 жил хүлээж буй 300 ортой эх, хүүхдийн эмнэлгийн ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгааг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээллээ.
Тус эмнэлгийг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар шуурхайлан ажиллаж байгаа гэв.
Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх, 300 ортой, үүнээс 140 нь амаржих газар, 160 нь хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв байхаар төлөвлөж байгаа уг эмнэлэг ашиглалтад орсноор ЭХЭМҮТ, дүүргийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулах томоохон ажлын нэг болох юм.
Өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн Засаг дарга тус эмнэлгийн барилгын ажилтай танилцаж, Засгийн газар болон Улсын Онцгой комисст хүсэлт гаргасны үндсэн дээр төсөв хөрөнгө, зайлшгүй хийх ажлуудыг хийж байгаа аж.
Анх 2008 онд Засгийн газраас тус эмнэлгийг барих шийдвэрийг гаргаж байжээ. Шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгах, тендер зарлах гэсээр 2011 оны хавраас сонгон шалгаруулалтаар “Нийслэл өргөө”, “Пума констракшн” гэсэн хоёр компанийн консерциум барилгын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Харин одоогоос яг жилийн өмнө тус эмнэлгийн барилгын ажил 80 хувьтай байгаа талаар гүйцэтгэгч компани мэдээлсэн юм.