
Ургамал судлалын эрдэмтэд Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт хүсэлт хүргүүлэх тухай мэдээлж байна.
Энэ үеэр Ургамал судлаач, доктор Д.Бор хэлэхдээ "Талбайн урд байрлах бүтээн байгуулалтыг 15 тэрбум төгрөг зарцуулж, 19 зүйлийн 9000 бут сөөг тарьсан. Эдгээр нь 80 жилийн түүхтэй. Зөөж байрлуулна гэж ярьж байна. Гэтэл 80 жил ургасан модыг өөр газар зөөж байрлуулах боломжгүй.
Усан оргилуур, боловсон ариун цэврийн өрөөтэй болгохыг эсэргүүцэж байгаа юм байхгүй. Харин цаг үеэ олоогүйгээс гадна одоо байгаа мод бут сөөгийг үгүй хийх гэж байгаа тул 26 эрдэмтэн учир шалтгааныг нь тайлбарлаж бичсэн хүсэлтээ Ерөнхий сайд, хотын даргад өгөхөөөр болсон. Мод гэдэг нэг зун цэцэглээд хагдардаг цэцэг биш. Багадаа 100, ихдээ 1000 жил болдог үнэт зүйл. Тиймээс цаг үеэ олоогүй ийм зүйл хийх гэж байгааг эсэргүүцэж байна" гэлээ.
Утааны эсрэг ээж, аавууд ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү хэлэхдээ "Талбайн урд хэсэгт 8995 мод бий. Анх бүтээн байгуулалтын явцад 2000 орчим мод сүйднэ гэж байсан бол эсэргүүцэлтэй тулгараад 130 ширхэг модыг хөндөж үлдсэнийг нь үлдээе гэж байсан.
Харин мэргэжилтнүүд усан оргилуурын дэд бүтэц баригдвал үүнээс ч их мод сүйдэх магадлалтай гэж үзэж байгаа юм. Бид зогсоолын талбайд өндөр барилга барихаар төлөвлөж, өмнөх тохижилтыг нь татвар төлөгчдийн мөнгөөр хийх гэж байна гэж хардаж байна" гэж хэлэв.