
Өөх соруулах мэс заслаас үүдэн 29 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарсан. Талийгаач "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засалд орж байх үеэр хүндрэл үүсэж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн ч амиа алдсан юм.
"Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд хохирогчийн өмгөөлөгч Л.Баасанжав, Г.Бадамханд нарын гаргасан гэрч Д.Тоднямыг оролцуулах хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааны товыг жич зарлахаар хойшлуулжээ.