
“Зөв амьдрах ухаан” төвд амьдарч байсан иргэн Д.Халиун өнөөдөр тус төвийн тэргүүн Г.Загдаагийн талаар мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр тэрбээр Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэж ярьсан юм. Мөн иргэн Ж.Сандагдорж “Г.Загдаа тус төвд байгаа хүмүүсийг зоддог, дарамталдаг. Гурван хүүхдээ тэндээс авч чадахгүй явна” хэмээсэн.
Дээрх мэдээлэл цацагдсаны дараа Г.Загдаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан лайв хийж, ийнхүү ярилаа.
Тэрбээр "Надад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Хүн гүтгэх хуультай. Сайн санаалж тусалсны хариуд намайг гүтгэлээ. Тэр эмэгтэй манай төвд анх ирэхдээ бэлгийн замын халдварт өвчтэй, дагуулж явсан хүүхэд нь төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй байсан. Өөрөө ч анхнаасаа залилагч байсан шүү дээ. Би тэрний ярьж байгаа шиг хүчирхийлэгч биш. Харин хүчирхийлэгч нарыг илчилч, тэдэнтэй тэмцдэг хүн.
Эхнэр бид хоёр 14 жилийн турш хүмүүсийг асарч, сувиллаа. Траншейнд амьдардаг, хог түүж явсан хүмүүсийг би орон гэртэй, бүр машинтай болгосон. Одоо манай төвд 130 гаруй хүн байна. Үүний 60 гаруй нь хүүхэд. Энэ олон жилд би хүмүүст тусалсныхаа төлөө төрөөс нэг ч төгрөг авсангүй" хэмээлээ.