
“Зөв амьдрах ухаан” ТББ-ы тэргүүн Г.Загдааг өнөөдөр орой БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дайчлан баривчиллаа. Одоогоор тус төвд амьдарч байсан хүүхдүүдийг "Хүүхдийн хамгаалах төв"-д хамгаалалтад аваад байна.
Өнгөрсөн пүрэв гарагт тус төвд амьдарч байсан иргэн Д.Халиун хэвлэлийн бага хурал хийж, Г.Загдаад удаа дараа хүчирхийлүүлж байснаа олон нийтэд ярьсан юм.
Тэрбээр "Зөв амьдрах ухаан”-аас гарснаасаа хойш олон газраас тусламж гуйсан. Хэн ч туслаагүй. Би тэнд охинтойгоо хамт хоёр жил амьдарсан. Г.Загдаа тус төвд байдаг хүмүүсийг доод талынхаа грашинд хүлж зодон, байнга хүчирхийлдэг. Г.Загдаа намайг хүчиндсэн. Эхлээд Загдаа ах, дараа нь хоёр нийгмийн ажилтан нь ч намайг хүчиндсэн. Энэ талаар хэлбэл хүүхдийг чинь чамд өгөхгүй гэж байнга сүрдүүлдэг" хэмээн ярьсан нь олны анхаарлын төвд ороод байгаа юм.

Харин дээрх мэдээлэл цацагдсаны дараа Г.Загдаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан лайв хийж, ийнхүү ярьжээ.
Тэрбээр "Надад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Хүн гүтгэх хуультай. Сайн санаалж тусалсны хариуд намайг гүтгэлээ. Тэр эмэгтэй манай төвд анх ирэхдээ бэлгийн замын халдварт өвчтэй, дагуулж явсан хүүхэд нь төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй байсан. Өөрөө ч анхнаасаа залилагч байсан шүү дээ. Би тэрний ярьж байгаа шиг хүчирхийлэгч биш. Харин хүчирхийлэгч нарыг илчилч, тэдэнтэй тэмцдэг хүн.

Одоо манай төвд 130 гаруй хүн байна. Үүний 60 гаруй нь хүүхэд. Эхнэр бид хоёр 14 жилийн турш хүмүүсийг асарч, сувиллаа. Траншейнд амьдардаг, хог түүж явсан хүмүүсийг би орон гэртэй, бүр машинтай болгосон" хэмээн өөрийгөө зөвтгөсөн юм.