
ХААИС-ийн оюутнууд био хаягдал тос боловсруулж, олон төрлийн бүтээгдэхүүн гарган авч байгаль дэлхийгээ хамгаалах зорилготой төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Мал сүргээр баян Монгол оронд малын малаас ялгарах өөх тосыг боловсруулах үйлдвэр байдаггүйгээс байгаль орчинд хаягддаг. Мөн үүнтэй ижил ашигласан ургамлын тос их хэмжээгээр хаягдаж байгаа бөгөөд тэдгээрийг боловсруулах үр ашигтай технологийг нэвтрүүлэх судалгааг ХААИС-ийн оюутнууд эхлүүлжээ.
Оюутнууд судалгааны ажлынхаа хүрээнд хаягдал өөхөн тос, ургамлын тосыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд үүсдэг бэрхшээлийг шийдэж, хөргөх шингэн, шил арчигч шингэн, биодизель түлш, нүүрс асаагч зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн гарган авсан байна.


Тэд ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн багш, доктор, дэд профессор Г.Энхбаяр ахлагчтай “Био эрчим хүч” багийн хамт олонтой хамтран төслөө хэрэгжүүлж буй бөгөөд тус багт 2006 оноос хойш энэ чиглэлээр ажилласан туршлагатай эрдэмтэн судлаачид багтдаг байна.
“Био эрчим хүч” баг нь Европын холбооны улсуудад хэрэглэдэг EN14214 стандартад тулгуурлан технологийн горимд нэмэлт өөрчлөлт оруулан олон төрлийн бүтээгдэхүүн гарган авах судалгааг 2015 оноос эхлүүлжээ. Дэлхий нийтийн болон манай улсын хэмжээнд тулгамдсан асуудал болох хог хаягдалыг дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх нь төсөл хэрэгжүүлэгч оюутан залуусын зорилго аж.
Оюутнуудын санаачлан хэрэгжүүлж буй “Химийн аргаар био хаягдал тосноос олон төрлийн бүтээгдэхүүн гарган авах” төсөл нь БСШУСЯ, Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-өөс шалгаран, 10 сая төгрөгийн санхүүжилт авсан юм. Төслийн ахлагчаар ХААИС-ийн Биотехнологийн ангийн оюутан О.Бат-Эрдэнэ, багийн гишүүдээр Ц.Бат-Эрдэнэ, Ц.Хулан, С.Ханджав нар ажиллаж байна.