
Улсын онцгой комиссийн шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийх үеэр Хотын дарга С.Амарсайхан нэмэлт мэдээлэл хүргэлээ. Тэрбээр ой хээрийн түймрээс сэрэмжлүүлээд, ирэх сарын 15-ны өдрийг хүртэл төвийн зургаан дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байгаа талаар дуулгав. Мөн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажилуулна гэв.
Олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй аж. Мөн амны хаалт зүүгээгүй, гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих бөгөөд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллана гэж Хотын захирагч мэдээллээ.