Гадаадад “Ковид-19”-ийн халдвар авсан монгол иргэдийн талаарх мэдээллийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өглөө. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш ЭМЯ-ны коронавирустэй холбоотой зөвлөгөө, мэдээллийн 11-323002 болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн лавлах 119 дугаарын утсанд гадаадын 17 орноос 98 монгол иргэн ханджээ. Эдүгээ 13 иргэн гадаадад халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тодруулбал, “Ковид-19”-өөр өвчилсөн иргэд БНСУ, Швед, Швейцар, Ирланд, ОХУ-д ажиллаж, амьдардаг бөгөөд ЭМЯ-тай байнга холбоотой байгааг Д.Нарангэрэл хэлсэн. Тэрбээр “Гадаадад гэрийн тусгаарлалтаас таван хүн гарсан бол мөн тооны хүн бүрэн эдгэрсэн. Өөр улсад монгол иргэн халдвар авсан тохиолдолд Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу бидэнд мэдээлэл ирүүлдэг. Тиймээс олон нийтийг төөрөлдүүлсэн, худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд “Ковид-19” гэсэн цонх бий. Ялангуяа гадаадад байгаа монголчууд тэндээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, шинж тэмдгийн талаарх бүх л мэдээллийг авах боломжтой” гэлээ.
“Ковид-19”-өөр өвчлөгсдийн 18 нь ОХУ-аас ирсэн

2020.04.20-ны өдрийн байдлаар
Сайн дурын даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг Засгийн газар төлнө
“Ковид-19” цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалж, ажлын байрыг хадгалах үүднээс нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж, татвараас чөлөөлөх шийдвэр Засгийн газар гаргасан. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийв. Тодруулбал, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, бүх их, дээд сургууль энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Энэ хугацаанд тус газраас даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож, баталгаажуулах гэнэ. Үүнээс гадна 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгж орлогын албан татвараас чөлөөлөгдөх аж. Зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлэгчид өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд түрээсээ бууруулсан төлбөрийн хэмжээгээр орлогод ногдох албан татварын хөнгөлөлт эдэлнэ. Сайн дурын даатгуулагчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож энэ сарын 1-нээс аравдугаар сар хүртэл Засгийн газраас төлөх аж. Өөрөөр хэлбэл, дээр нэр дурдагдсан газрууд зургаан сарын турш албан татвар суутгуулахгүй. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн даатгал болон татварын тайланг хуулийн хугацаанд цахимаар тайлагнаснаар хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах юм байна.
Хүндрэл үүсэхэд таргалалт нөлөөлдөг
Таргалалт нь коронавирус эрүүл эсэд нэвтрэх таатай орчин бүрдүүлдэг. Үүний улмаас халдвар авсан илүүдэл жинтэй хүмүүст хүндрэл үүсдэг тухай эрдэмтэд “bioRxiv” цахим хуудсанд бичжээ. “SARS-CoV-2” вирус чихрийн шижин, таргалалт, зүрхний архаг өвчтэй болон тамхичдад хүндээр тусаж байгааг цар тахал дэгдсэний дараа мэргэжилтнүүд тогтоосон. Ялангуяа зүрхний эмгэг коронавирусээр нас барах магадлалыг дөрөв дахин ихэсгэдэг аж. Эдгээр архаг өвчин нь уушги болон бусад эд эсийг “ACE2” уураг илүү ялгаруулахад хүргэдэг. Харин вирус эл уургийг эсэд нэгдэх, халдварлахад ашигладаг аж.
Хонконгод сүүлийн зургаан долоо хоногт
анх удаа халдварын тохиолдол илрээгүй гэнэ. Иймээс даваа гарагт халдварын байдлын тухай өдөр тутмын хэвлэлийн хурлаа тус бүс нутгийн эмч нар цуцалсан байна. Хонконгод нэгдүгээр сарын 22-нд зөөврийн анхны тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн сарын 27-нд хоногийн хамгийн олон буюу халдвар авсан 65 хүн бүртгэгджээ. Ташрамд дурдахад, тус бүс нутагт бүх нийтийг хамарсан хөл хорио болон гэрийн хорио тогтоогоогүй. Харин аялал жуулчлал, соёл, спортын байгууллага, үзвэр, цэнгээний газрыг түр хаасан билээ. Энэ долоо хоногийн пүрэв гаргаас эдгээр газрыг нээхээр төлөвлөжээ.

2020.04.20-ны өдрийн байдлаар
Ойрын хугацаанд шинэ төрлийн коронавирусийн тархалтыг зогсооход хүндрэлтэйн сацуу ирэх өвөл халдвар дахин дэгдэж болзошгүй гэж БНСУ-ын ЭМЯ-ны дэргэдэх Өвчлөлд хяналт тавих, сэргийлэх төвийн захирал Чон Ын Ген мэдэгдэв.