
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цар тахлын дэгдэлтийн үеэр тус улсад цагаачлалыг түдгэлзүүлэх тухай зарлигт гарын үсэг зурах гэж байгаа аж. Тэрбээр энэ тухайгаа “Үл үзэгдэх дайсны довтолгоог харгалзан, мөн манай агуу Америк иргэдийн ажлын байрыг хамгаалах шаардлагатай тул би АНУ-д цагаачлалыг түр зогсоох тухай тушаалд гарын үсэг зурна” гэж өөрийн Твиттертээ бичсэн байна. Энэ оны гуравдугаар сарын сүүлээр АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүссэн өргөдлийн тоо 1982 онд тэмдэглэгдсэн дээд үзүүлэлтийг давжээ. АНУ-ын Холбооны нөөцийн систем (FRS) шинэ коронавирусийн дэгдэлтээс болж тус улсад эдийн засгийн үйл ажиллагаа огцом буурч байгааг тэмдэглэжээ. Урьдчилсан дүнгээр үзвэр үйлчилгээ, аялал жуулчлал, жижиглэн худалдааны салбар хамгийн их хохирол амссаад байгаа аж.