
ОБЕГ-ын Улсын онцгой комиссын 18 дахь удаагийн хуралдаан өчигдөр болсон. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас тус хуралдаанаас гаргасан шийдвэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ " Гадаадын 35 улмаас нийт 9412 иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн. Европын бүсээс 2335, Азийн бүсээс 4243, Америкаас 1691, Австрали улсаас 1143 иргэн иргэн буцах хүсэлтээ гаргажээ.
Урьдчилаад хэлэхэд энэ удаагийн нислэгээр 250-260 орчим зорчигч ирэх бөгөөд Элчин сайдын яамдад шинээр бүртгэл хийхгүй.
Дээрх 9412 иргэнийг Улсын онцгой комиссоос тавьж буй шаардлагын дагуу хүндэтгэн дөрвөн шалтгаанаар ангилсан. Үүн дээр үндэслэн тусгай нислэгт багтах хүмүүсийн нэрсийг эцэслэн батална гэлээ.
Үүнээс бага насны хүүхэдтэй 1452 иргэн, эрүүл мэндийн шалтгаантай 372 иргэн, өндөр настай 854, жирэмсэн 141, санхүүгийн боломжгүй 813, бусад шалтгаанаар 2670 иргэн гадаадад байгаа гэдэг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өглөө. Эдгээр иргэдийг авахын тулд Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд дараа дараагийн нислэгүүдийг нөөц бололцоог харгалзан зохион байгуулна" гэсэн мэдээлэл өглөө