
Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ буурсантай холбогдуулан Засгийн газраас шатахууны үнийг буулгах шийдвэр гаргасан. Энэ дагуу шатахуун импортлогч компаниуд үнээ 250-300 төгрөгөөр хямдруулаад байна. Гэвч шатахууны үнэ өсөхтэй зэрэгцэн уухайн тас дагаж үнээ нэмдэг таксиныхан үнээ буулгахгүй байгаад иргэд бухимдалтай байна. Тэгвэл бид энэ шалтгааныг "Улаанбаатар такси" компанийн гүйцэтгэх захирал Б.Алтангадасаас тодрууллаа.
Шатахууны үнэ буурчихлаа. Такси компан яагаад үнээ буулгахгүй байна вэ?
Манай компани таксины үнээ бууруулах бодолгүй байна. Таксины тариф гэдэг угаас тогтсон зүйл шүү дээ. Бид үнэ тарифийг Нийтийн тээврийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр тогтоодог. Такси компани бол шатахууны үнэ өсөхөөр үнээ нэмээд, буурахаар нь бууруулдаг газар биш. Учир нь шатахуун таксиний нийт тарифийн 10-15 хувь. Ихэнх хувь нь татвар, даатгал, ажлын хөлс, оншилгоо зэргээс хамаардаг. Тэдгээрээс үндэслэж нэг километрийн үнэ тогтдог.
Өнгөрсөн жил эхний нэг километрийг 500 төгрөгөөр нэмэх үед шатахууны үнэтэй хамаатуулж нэмсэн гэж ярьдаг шүү дээ.
Тэр үед нэмсэн нь шатахууны үнэтэй хамааралгүй. Яагаад тэгж нэмсэн гэхээр зарим хүн такси дуудчихаад 100-300 метр яваад буучихдаг. Дуудлагын такси чинь ондоо цэгээс зорьж очиж хүнээ авдаг. Ийм зовлон их байсан учир эхний 500 метр ч бай, нэг километр ч бай таксигаар үйлчлүүлсэн бол суурь төлбөрийг 1500 болгох шаардлага үүсэн юм.
Такси үйлчилгээний үнэ шатахууны үнээс хамаарч нэмэгдэж, хасагддаггүй гэж та сая хэллээ. Тийм жишээ байв уу?
Хэдэн жилийн өмнө шатахууны үнэ 1200 төгрөг байхад манай компанийн такси үйлчилгээний үнэ 800 төгрөг байсан. Харин тэр цагаас хойш шатахууны үнэ нэмэгдсээр 1800 хүрэх үед даатгал, инфляци өссөнтэй холбогдуулаан бид үйлчилгээнийхээ үнийг 200 төгрөгөөр нэмсэн. Тийм болохоор шатахууны үнэ савлахаар таксины үнэ дагаж савлана гэж ойлгож болохгүй.