
Дэлхий нийтээрээ хүнд хэцүү цаг үеийг туулж буй энэ үед хамгийн их эрсдэлд орж байгаа хүмүүс бол өрхийн амьжиргаа доогуур, орлого багатай, олон хүүхэдтэй, тусгай хэрэгцээтэй хүүхэд эсвэл гэр бүлийн гишүүнтэй өрхүүд, тэргүүн эгнээнд ажиллаж буй мэргэжилтэн, алба хаагчид юм.
Дэлхийн Зөн Монгол ОУБ эдгээр хүмүүст энэ хүнд үеийг эрсдэл багатайгаар даван туулахад нь тусламж үзүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн 2 сарын хугацаанд бид орлого багатай, эрсдэлт нөхцөлд орсон 7,010 өрхөд 717,870,000 төгрөгийн хүнсний яаралтай тусламж үзүүлээд байна.

Үүний зэрэгцээ яаралтай үеийн түргэвчилсэн судалгаа хийсний үндсэн дээр COVID-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүмүүнлэгийн хариу арга хэмжээнд зориулсан 2,3 сая ам долларын санхүүжилттэй 5 сарын төслийг хэрэгжүүлэхээр болсон.
Энэ төслийнхөө хүрээнд өнөөдөр хамгийн тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж буй Онцгой Байдлын Ерөнхий Газрын алба хаагчдад 56,450,000 төгрөгний өртөг бүхий хувийн халдвар хамгааллын иж бүрдлийг ариутгалын төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгөх гэж байгаадаа баяртай байна.
Цаашид бид COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг сайжруулах зорилгоор дараах чиглэлд ажиллах болно. Үүнд:
- Ус, орчны эрүүл ахуй, ариун цэврийн эерэг дадлыг нийгэмд сурталчлах, улмаар халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг иргэд, олон нийтэд түгээх
- Өрхийн амьжиргааг дэмжих замаар хамгийн эмзэг нөхцөл байдалд байгаа хүүхдүүд, тэдний гэр бүлийг цар тахалтай холбоотой хямралыг даван туулахад нь туслах
- Онцгой байдлын үеийн боловсролын тасралтгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх
- Онцгой байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалахад бүх талуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих
