
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвийн төлөөллүүд өнөөдөр “Корона эдийн засгийн шорон биш” гэсэн сэдвийн дор хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хэвлэлийн хуралд сургалтын төвүүдийн төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Тэдгээрээс “Эхлэл” компанийн захирал Ч.Батзаяагийн ярьсан яриаг онцолж байна.
Тэрбээр “Төрийн зүгээс эдийн засгийн нөхцөл байдлыг огт тоохгүй байна. Сонгууль дөхөж байгаа учир аль болох хооронд нь уулзуулахгүй байя гэсэн хардлага төрж байна. Биднийг ажилгүй сууж бай гээд орхисон. Гэтэл буудал, фитнесс, иогийн төвийг нээсэн. Эрүүл мэндэд хэрэгтэй байх.
Гэхдээ оюун санаагаа хөгжүүлж байж улс эх орон хөгжинө. Уг нь дотооддоо халдвар гараагүй. Гэтэл сургалтын төвүүдийг алагчилж үзэх нь ямар учиртай юм бэ. Саун нээх нь ямар учиртай юм бэ. Халуунд тэсвэртэй байж сур гэж байгаа юм уу. Иогийн төвийг нээсэн. Хадаасан дээр гишгиж сурах нь монголчуудад хэрэгтэй бололтой. Өнөөдрийг хүртэл бид дотоод нөөц бололцоогоор цалингаа тавьж, түрээсээ төлж байна. Бид эрх баригчдад удаа дараа хүсэлт тавьсан. Гэтэл манай асуудал биш гэдэг. Хэн нь биднийг хариуцаж байгаа нь мэдэгдэхгүй. Гаргасан шийдвэр нь амьдрал дээр хэрэгждэггүй. Кофе ууж байгаад шийдвэр гаргадаг уу. Судалгаа, шинжилгээтэй, амьдралтай шийдвэр гаргаж байгаач ээ. Хувийн хэвшлүүд элгээрээ хэвтлээ. Хэн ч хааж, зогсоож, боож чадна. Харин бүтээн байгуулалтыг тэгж хийдэг эд биш” хэмээлээ.