
Нийслэлийн Засаг дарга болон Хотын ерөнхий менежер нар авто замын ажлын явцыг шалгахаас гадна Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн тохижилтын ажил болон Таван шарын орчмын шугам сүлжээний ажлын явцыг шалгасан юм.
Эрүүл мэндийн төвийн тохижилтын ажлын тухайд гүйцэтгэгч компани ирэх зургаадугаар сарын 15-нд хийж дуусгахаар ажиллаж байна. 5700 метр квадрат хатуу хучилттай зам, 70 автомашины зогсоолтой, авто болон явган замын гэрэлтүүлэг, гадна орчны камер суурилуулах, 3400 метр квадрат явган зам талбайн ажил бүхий иж бүрэн тохижилтын ажлыг ийнхүү хийж гүйцэтгэж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга ажлын явцыг шалгах үеэрээ “Явган хүний замд яагаад сандал байрлуулчихсан байгаа юм. Үүнийгээ өөрчилж, явган хүний замд сандал байруулсныг засаарай. Тохижилтын гүйцэтгэлийн ажил тааруу байна шүү. Ажил хийж байгаа бол хийсэн шиг хийх хэрэгтэй” гэдгийг хатуухан хэллээ.
Тус дүүрэгт нийт 1.5 км дулааны цэвэр, бохир усны шугам, төв дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Гүйцэтгэгч компанийн хувьд ирэх зургаадугаар сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Ажлын гүйцэтгэлийг чанар, стандартын дагуу хийх ёстой. Үүнд дүүргийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс хяналтаа сайн тавьж ажиллах хэрэгтэй байна. Мөн аюулгүй байдлаа хангаж, гадна орчноо цэвэрлэж, шугам сүлжээний дулаалгын ажлыг маш сайн хийх хэрэгтэй” хэмээн анхаарууллаа.


