Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьсонтой холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа.
МЭДЭГДЭЛ
Монгол Улсын иргэн М.Энхсайханыг олон нийтийн сүлжээг идэвхитэй ашигласан шалтгаанаар шүүхээс цагдан хорьж эрх чөлөөнд нь халдсан асуудалыг Ардчилсан Нам туйлын анхааралтай бөгөөд эмзэгээр хүлээж авлаа.
Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 13-т зааснаар хэнийг ч хуульд заасан үндэслэл журмын гадуур ... Хорих нь хууль бус бөгөөд энэхүү суурь зарчмыг ноцтой зөрчсөн нэр бүхий шүүгч нарын шийдвэрийг эрс буруушааж буйг албан ёсоор мэдэгдэж байна.
Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болох олон улсын хамтын нөхөрлөлийн өмнө хүлээсэн үүрэг нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах асуудал байдгийг ухамсарлан асуудалд туйлын хариуцлагатай бөгөөд Үндсэн Хуулийн үзэл санааны хүрээнд хандах ёстойг анхааралдаа авна уу.
АН нь 1990 оны хувьсгалыг удирдан чиглүүлсэн улс төрийн хүчний хувьд 1992 оны Үндсэн Хуулийг хамгаалах үүрэгтэй улс нам гэж үздэгээ мэдэгдэхийн хамт МУ-ын Ерөнхий Сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг нэн даруй чөлөөлж ардчилал хүний эрхийн суурь зарчимдаа үнэнч байхыг шүүх засаглалд хүндэтгэлтэйгээр уриалж байна.