
Барилга байгууламж дуусаагүй байхад барилгыг хүлээж авдаг, тохижилт, үйлчилгээ нь болоогүй байхад худалдан борлуулдаг, иргэд байраа хүлээж авсны дараагаар ашиглалтын шаардлага хангахгүй байдаг явдалд хяналт тавьж ажиллаж байгааг нийслэлийн Засаг дарга хэлэв. Түүнчлэн шаардлага хангаагүй барилгыг ашиглалтад хүлээж авснаас үүдэн иргэд хохирол хүлээсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллага барагдуулдаг байх асуудалд анхаарч ажиллаж байна. Мөн хотын Захирагч хэлэхдээ “Орон сууцны хороолол дундах хүүхдийн талбай, авто зогсоол, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, орц, гарцны асуудлыг нийтлэг байдлаар шийдвэрлэхэд онцгой анхаарч байгаа. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв 5 орц, гарцтай байх ёстой атал саяхныг хүртэл ганцхан гарцтай байсан. Энэ асуудлыг шийдвэрлэж, эхнээсээ орц, гарцыг нэмэгдүүлсэн. Мөн нарны гүүрний орц, гарцын асуудлыг шийдвэрлээд ажиллаж байна” хэмээсэн юм.
Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барилга барьсан 97 аж ахуйн нэгж бий. Зөвшөөрөлгүй газар барилга барьсан аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоос илүүтэй зөвшөөрөл олгосон албан тушаалтанд хариуцлага тооцно. Коронавирусын халдварын үед, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгааг харгалзан үзэж нэг удаадаа үйл ажиллагааг нь хууль журмын хүрээнд явуулах, бичиг баримтыг нь цэгцлэх боломжийг нь бүрдүүлнэ. Харин цаашид нийслэл хотод зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж бариулахгүй байхад анхаарч ажиллана гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан онцгойлон анхаарууллаа.
Дашрамд дурьдахад, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн танхимаар сургалт явуулдаг цөөн хүнтэй сургалтын төвүүдийн эрхийг нээх талаар ярилцаж байна. Уг асуудлыг улсын Онцгой комиссоор оруулж, шийдвэрлэхээр сургалтын төвүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжийг бүрдүүлнэ гэдгийг хотын Захирагч мэдээллийнхээ төгсгөлд хэллээ.