БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 76 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
Эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө зүтгэсэн цэрэг эрсээ хүндэтгэн дээдлэх, дайчин уламжлалыг нь үр хойчдоо өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Монгол генералуудын өдөр"-ийг тэмдэглэж ирсэн юм. Жил бүрийн энэ өдөр төр, засгаас генералууддаа хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай ч энэ жил дэлхий нийтээр тархсан шинэ короновирусний халдвараас сэргийлэх үүднээс хүндэтгэлийн ёслол зохион байгуулах боломжгүй байгаа юм.