
Улсын Онцгой комиссын 20 дахь хуралдаанаар "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх" хугацааг тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Энэ талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин "Дэлхий дахинд коронавирусийн нөхцөл байдал улам амаргүй болж байна. Өнөөдрийн байдлаар 3 сая гаруй хүн халдвар авчээ. Нас барсан хүний тоо 211 мянгад хүрээд байна. Мөн ОХУ-д улам эрчимтэй тархаж байна. 24 цагийн дотор улсад 6198 хүн халдвар авчээ. АНУ-д нийт халдвар авсан хүний тоо нэг сая давж, нас барсан хүний тоо 36 мянга боллоо.
Харин манай улсад халдвартай иргэний тоо 38 болжээ. Эхний хоёр удаагийн шинжилгээ сөрөг гарсан мөртлөө гуравдахь удаагийн шинжилгээ эерэг гарч байна. Вирус маш түргэн хугацаанд өөрчлөгдөж, мутацид оржээ. Хөл хориог үл тоосны улмаас залуус халдвар авах тохиолдол нэмэгдэж байна. Бүр хүнээс амьтанд халдварлах болжээ.
Саяхан 7 дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийлээ. Энэ үнэлгээгээр "Монгол Улс маш өндөр эрсдэлтэй" гэсэн дүгнэлт гарсан.
Тийм учраас УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор гадаад дотоодын нислэгийг хойшлуулсан хугацаа сунгалаа.
Мөн өнөөдөр УОК-ын хуралдаанаар сургалтын төвүүдийн талаар ярилцлаа. Аж ахуй нэгжүүдээс маш олон санал ирж байна. "Аль болох цөөн хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулъя" гэсэн санал ирүүлсэн. Энэ асуудлыг энэ долоо хоногт болох УОК-ын ээлжит хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
Түүнчлэн Монгол Улсын иргэдийг гадаадаас татан авчрах ажлыг үргэлжлүүлнэ. ОХУ-д байгаа Монгол Улсын иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргавал хүлээж авна. Ойрын хугацаанд гурван нислэг хийнэ. БНСУ-аар дамжуулан иргэдээ татна. Мөн Франкфурт руу нэг нислэг хийхээр төлөвлөсөн байгаа.
Нийт 9890 хүн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Гэхдээ тэдгээрийг бүгдийг нь эх оронд нь татах чадал бидэнд байхгүй. Нийт 190 мянган монгол иргэн гадаадад амьдарч байгаа учир тэдгээрээс шилж байж татах шаардлагатай. Хамгийн түрүүнд өндөр настай, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ татна.