Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарснаас үүдэн уруйн болон шар усны үер буух тохиолдол нэмэгджээ. Тодруулбал, Мөрөнгөөс Булган чиглэлийн авто замд буюу Их-Уул сумаас 16, Тариалангаас 15 дахь километрт шар усны үер буусан гэнэ. Иймд энэ чиглэлд зорчигчид хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцох шаардлагатайг албаныхан анхааруулав.
Хаврын улиралд хуримтлагдан хөлдсөн цас, мөс хайлж, шар усны үер болдог аж. Уруйн болон шар усны үер нь их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй учраас гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсан юм. Бас үерийн аюултай бүс нутгаас нүүж, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гол, мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлэв.
Цаг уур, орчны шинжилгээний газрынхны мэдээлснээр манай орны нийт нутгийн 50 гаруй хувь нь цастай байгаа гэнэ. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 сантиметрээс зузаан цастай. Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Баянбулаг, Сэлэнгийн Ерөөд 22-30, бусад нутагт 1-10, гуу жалга, хунгарласан газарт 50 сантиметр хүртэл зузаан цастай аж.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос Чандмань-Өндөр хүртэлх чиглэлийн мөсөн замд хар хил гарчээ. Тодруулбал, Хөвсгөл нуурын Доншгийн эргээс 400 метрийн зайд хар хил гарсныг Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийнхан мэдээлэв. Иймд зам товчлох, цаг хожих зорилгоор нуурын мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа.
Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэх үзэгдлийг хэлдэг аж. Харин цагаан хил нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорох үзэгдэл юм байна.
У.Сүрэн