Газар тариалан холбооныхон Монголын үр тариа эрхлэгчдэд 50 жилийн түүхэнд хамгийн хэцүү цаг үе тулгараад байгаа талаар мэдээлэл хийлээ.
Хуралд холбооны тэргүүн Л.Цандэлэг, УЗ-ийн гишүүн Л.Чинбат, Б.Эрдэнэбат нар оролцсон юм.
Тодруулбал, өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд нийт тариалан эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүд 350 мянга гаруй га талбайд тариалалт хийж, гурилын стандарт шаардлага хангасан 113 тонн л улаанбуудай хураасан гэнэ. Энэ нь нийт ургацынхаа 80 хувийг алдсан дүн юм байна. Учир нь салбар яамнаас туслалцаа үзүүлж нөхцөл байдалд үндэслэн үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулах ажлыг хийгээгүйгээс ийнхүү их хэмжээний хохирол амсахад хүрсэн аж.
Тиймээс үр тариа эрхлэгчид банк санхүүгийн байгууллагын зээлийн хүү, алданги зэрэгтэй нийлээд 400 орчим тэрбум төгрөгийн бодит хохирол амсаад буй бөгөөд энэ жилийн хаврын тариалалт хийх боломжгүй байгаагаа дуулгалаа.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн газар тариалангийн салбарт бодит гамшиг болсон гэдгийг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Түүнчлэн Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн санаачилсан 70 гаруй аж ахуйн нэгжүүдэд олгосон зөвшөөрлийг ирэх сарын 1-нээс хойш импортлохыг цуцалж хүчингүй болгох ёстой хэмээлээ.
Мөн Япон улсын ХАА-г дэмжих KR төслийн мөнгөөр ХХААЯ бордооны тендер хоёр удаа зарласан бөгөөд ОХУ-д 600 мянган төгрөгийн үнэтэй бордоог хоёр нугалж тариаланчдад шахааны бизнес хийж байгааг зогсоохыг шаардав.
Газар тариалан холбооныхон 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө яаралтай олгуулах хүсэлт салбар яамандаа явуулсан болов одоог хүртэл хариу ирүүлээгүй учир энэ хаврын тариалалтын ажил оройтож байна гэдгийг тэд онцоллоо. 2016 оны нийт хэрэгцээт улаанбуудайн хэмжээ, үнийг ирэх сарын 1-ний дотор Монгол Улсын Засгийн газар ХХААЯ зарласнаар тариаланчид тариалалтаа хэвийн үргэлжлүүлэх, хураан авсан улаанбуудайгаа борлуулах асуудал хэвийн явагдана гэж тэд үзэж байгаа аж.
Тиймэээс үр тариа эрхлэгчдэд бодит хохирол учирч, энэ хаврын тариалалт эхлэх боломжгүй байгааг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрч дээр дурдсан алдаатай бодлого шийдвэр гаргасан ХХАА сайд Р.Бурмааг ирэх сарын 1-ний дотор огцруулж хариуцлага тооцох хэрэгтэйг сануулж шаардлага хүргүүллээ.
Хэрэв шаардлагуудыг биелүүлэхгүй бол цаашид тэмцлийн хэлбэрээ өөрчилж дөрөвдүгээр сарын 15-нд Чингисийн талбайд 10 мянган тариалан эрхлэгчид техниктэй жагсаал зохион байгуулна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.