Тайландад 11 настай хүү эцэг, эхийнхээ ачааны автомашиныг жолоодож байхдаа буддын шашны мөргөлийн цуваа руу орсны улмаас есөн лам амиа алджээ. Орон нутгийн аврах албаныхны нийтэлсэн хяналтын камерын бичлэгт улбар шар хувцастай лам нар зам даган алхаж явахад автомашин дайран орж буй агшин бичигдсэн байна. Үүнээс үзэхэд осол өнгөрсөн пүрэв гаргийн өглөөний 11.00 цагаас өмнөхөн болсон гэж үзэж буй аж. Тус хэрэг Тайландын зүүн хойд хэсэгт орших нийслэл Бангкокоос ойролцоогоор 650 км-ийн зайтай Мукдахан мужид гарчээ. Мужийн захирагч Вораян Буннаратын мэдээлснээр 34 лам, таван сүсэгтэн нэгэн сүмээс Убон Ратчатанигийн дуган хүртэл явган мөргөл үйлдэж явсан гэнэ. Таван лам газар дээрээ нас барсан бол гурав нь эмнэлэгт хүргэгдсэний дараа амиа алдсан байна. Үүнээс гадна гурван хүн хүнд гэмтсэн гэв. Мукдахан мужийн цагдаагийн газрын дарга, хошууч генерал Пайрож Тайпутра “Хүү их цочирдсон байгаа тул одоогоор мэдүүлэг аваагүй” гэсэн юм.
Тус улсын хүн амын 93 хувь нь буддын шашин шүтдэг бөгөөд лам нарыг нийгэмд ихэд хүндэтгэдэг. Тэд олон нийтийн мөргөлийн цуваанд тогтмол оролцож, иргэдээс өглөг хүртэх нь түгээмэл аж. Мөн нийтийн тээвэрт лам нарт суудлаа тавьж өгөхийг сануулсан тэмдэглэгээ заавал байдаг гэнэ.
Д.Хэрлэн