"Элэг бүтэн Монгол" зөвлөлдөх хэлэцүүлэг уулзалтаар элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй таван эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтаажээ.
Зөвлөлдөх уулзалтыг Монголын медиа корпораци”, “Нэг Монгол” ТББ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Оном сан болон Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөлийнхөн хамтран зохион байгуулжээ.
Хэлэлцүүлгийн дараа 450 орчим иргэд “Элэгний вирусыг эсрэг эмийг 80 хувь хөнгөлье”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2016 оны зардлын төсөвт дээрх шаардлагатай уялдуулан 30 тэрбум төгрөгийг нэмж тусгая”, “Эрүүл элэг хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж орон даяар цогц байдлаар хэрэгжүүлье” гэсэн шаардлага дор нэгдэж холбогдох яамдад хүргүүлэн яаралтай хариу өгөхийг хүссэн байна.
Тэгвэл энэ сарын 25-нд дээрх шаардлагын дагуу Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн хуралдаан болж Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон гэсэн элэгний вирусын эсрэг таван эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад оруулжээ.
Мөн "Элэг бүтэн Монгол" зөвлөлдөх хэлэцүүлэг зохион байгуулагчдын зүгээс одоо “Харвони” эмийг ЭМД-ын сангаас 80 хувь хөнгөлөх асуудлыг яаравчлан шийдэх шаардлагтай байгааг онцолж байлаа.
Энэ үеэр Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар: “Монгол Улсад 400 мянга гаруй хүн архаг вирүст хепатитын халдвартай, 100 мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд эхний байранд байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байна. Тиймээс "Оном сан санаачлан “Эрүүл Элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд 45,825 хүнийг элэгний хавдар, хатуурлаар нас баралтаас урьдчилан сэргийлээд зогсохгүй элэгний хорт хавдар үүсгэдэг вирүсийг устгасан Дэлхийн анхны улс болно. Элэгний вирүстэй ч амьжиргааны түвшин доогуур, эдийн засгийн боломжгүй зэргээс болж эмчлүүлж чадахгүй байгаа олон мянган хүнд туслах зорилготой энэ аяны хүрээнд Монголынхоо банк санхүү, бизнесийн байгууллагуудад хандаж уриалга гаргасан. Эрдэнэт хүний амь аврах, элэг бүтэн Монголыг бүтээх эрхэм дээд энэ үйлсэд олон байгууллага, ААН, хувь хүн нэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа" гэв.