20 хүртэлх насныхны Ази тивийн залуу чуудын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд манай улсын таван тамирчин “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Х.Уянга, МУБИСийн Биеийн тамирын сургуулийн спортын мэргэжлийн онол, арга зүйн тэнхимийн эрхлэгч Б.Нармандахын удирдлагад оролцов. Тэднээс “Тэмүүжин өрлөг” сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Цагаадай эрэгтэйчүүдийн 5000 метрийн гүйлтийн төрөлд (15 минут 37 секунд 38 доль) III байрт шалгарснаар Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэнд тус тэмцээнээс медаль хүртсэн анхны марафонч боллоо. Тэрбээр мөн 3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд өрсөлдөж, ОХУ-ын Сахад 2008 онд болон тэмцээнд Д.Тогтохбаярын тогтоосон улсын дээд амжилт 10 минут 44 секунд 95 долийг 10 минут 12 секунд 60 доль болгон шинэчилсэн юм.
Түүнчлэн Б.Мөнгөнхуяг 400 метрийн зайг 51 секунд 17 дольд туулан хувийн амжилтаа ахиулж, спортын дэд мастер цолны болзол хангажээ. Мөн 400 метрийн халхалттай гүйлтэд хурд сорьж, Монголын тамирчдын 1989 оноос хойш оролцоогүй төрөлд 37 жилийн дараа “тоосоо өргөв”. С.Батзориг 200 метрийн зайд (22.58), 400 метрийнхэд (49.91) оролцож, хувийн дээд амжилтаа шинэчилсэн байна. Баянзүрх дүүргийн 30 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Энхжавхлан 4х400 м-ийн буухиа гүйлт, “Монгол тэмүүлэл” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Батжавхлан 800, 1500 метрийн зайд тивийн шилдгүүдтэй уралдаж туршлага хуримтлууллаа. БНСУ-ын Бучёон хотод өвлийн бэлтгэлээ базаасан манай тамирчдыг “2Fit korea” спортын хувцас үйлдвэрлэгч компанийн захирал Кевин Ли болон тус брэндийн хамт олон хувцас, хэрэглэлээр хангасан байна. Тэд дээрх тэмцээний дараа А.Цагаадайг дэмжин, хамтран ажиллахаар болсноо илэрхийлжээ.