Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь “Оюухай-2026” яруу найргийн 13 дахь удаагийн наадам юм. Энэхүү уралдаан өнгөрсөн лхагва гаргийн үдэш УДБЭТ-т болж, шилдгүүдээ шалгаруулаа. Нийт 68 оролцогч бүтээлээ ирүүлснээс дөрөвдүгээр шатанд таван найрагч тунаж, “Оюухай-2022”-ын тэргүүн шагналт яруу найрагч Б.Алтанхуяг дахин түрүүлжээ. Харин яруу найрагч Б.Энэрэл, Л.Торой, П.Намуун, Э.Гантулга нар удаалсан байна. Ингээд эхний гурван байр эзэлсэн найрагчдын сүүлийн шатанд уншсан шүлгийг толилуулъя.
Яруу найрагч, сэтгүүлч Б.Алтанхуяг (Тэргүүн байр)
Бидний унших яруу найраг
Цуурч хагарсан цардмал дээр бусдаас түрүүнд унасан
Цор ганц өнчин навч шиг чимээгүй гунигтай
Бичсэн мөрүүд нь өөрийгөө илэрхийлэх гэж оролдоогүй
Бидний унших яруу найраг тийм л байгаасай.
Урагдаж буй зүрхний хөндүүрийг далдалж унасан
Урьд шөнийн цасыг чи үүдээ дэлгээд үз дээ.
Намрыг дарсан дуугүй байгалийн
Нам гүм хэчнээн үзэсгэлэнтэйг хар даа.
Ой дурсамжид ганцхан салхины чимээ дуулдаж
Олон, олон номын хуудас эргүүлснээ огт санахгүй мартсан шиг
Бичсэн мөрүүд нь хэнд ч зориулагдаагүй
Бидний унших яруу найраг ийм л байгаасай.
Хагацлаас үлдсэн цээжний чинь өвдөлтийг намжаасан
Хамгийн эхний цаг хугацаа руу эргээд алх даа.
Гэмшин бөхийхөд нь тэврээд авч болох байсан
Гунигтай дүр зургийг ширтээд хоосорч буйгаа мэдэр дээ.
Тэнгэрийн хаяатай тэнссэн ээрэм тал
Тэмдэг болж торойх хүн чулуунаас өөр ханьгүй шиг
Бичсэн мөрүүд нь ганцаардлыг чинь эмнэх
Бидний унших яруу найраг тийм л байгаасай.
Энэлэнгээс үүдсэн сэтгэлийн харанхуйг залгисан
Илчээ дэлгэн мандах нарны сайхныг бишир дээ.
Нулимсны чинь дуслаас салаалж урссан замуудыг нийтгэж
Нэгэн тунгалаг өглөө бүрэлдэж байгааг сэхээр дээ.
Гараг ертөнц яг одоо нойрон дундаа хөрвөөж
Гарцаагүй чи огторгуйн зүүдэн дотуур туучих шиг
Бичсэн мөрүүдээс нь өөр амьсгал гэрэлтэх
Бидний унших яруу найраг ийм л харь байгаасай.
Зовуурьтай бодлын чинь гүнээс оддын нэрийг
Зогсолтгүй хэлээд л байх тэр хоолойг чагна даа.
Дулаан хэвлийдээ амгалан нойрсох чиний
Дуудах алдрыг аав чинь дотроо шивнэж байсныг төсөөл дөө.
Цасны гүн дэх мөнхийн цаг хугацаанд бясалгасан
Ирэх зуунуудын нэгэнд өөрийгөө олж харах шиг
Бичсэн мөрүүдээс нь би, чи л үзэгдэх
Бидний унших яруу найраг ийм л үнэн байгаасай.
Тамирдаж цөхрөхдөө таазнаас бэхэлсэн олсыг
Тасдаж хүчрэх итгэл найдвар үгүй болдоггүйг ухаар даа.
Амьсгалын чинь төлөө үүрд залбирах тэр хүмүүс л
Амьдралыг чамд бэлэглэсэн гэдгийг сана даа.
***
“Алиус” утга зохиолын нэгдлийн гишүүн, яруу найрагч Б.Энэрэл (Дэд байр)
Ширээн дээр асгарсан архины үнэр шиг шөнүүд…
(Р.Чойномд зориулсан шүлэг)
Дундуур хундага дугших мэт хэлтэлзэнэ
Лугших мэт халбис хийнэ
Дулимагхан инээмсэглэл гал орлохгүй
Цог ноцоохгүй
Дагжин бээрч шөнөжин ганцаар суувч
Дарсны ёроолд хүний үнэн бөхөхгүй
Шил шилээ даган боргилох
Ширээн дээр асгарсан
Архины үнэр шиг шөнүүдээ
Шүлэгчийн үлдээсэн ширээний зүүн сандалд
Сөгнөж суугаад таних гэж үзлээ
Шүгэл мэт исгэрэх салхины чимээ
Буун дуу шиг нүргэлэх зовуурьтай
Шүлэг мэт эгшрэх өтгөн хар цай
Шөнийн тэнгэр шиг хуйсрах зөнтэй
Босго давж орж ирэх салхи хүртэл согтуу
Бороон дусалд янжуурын үнс шиг
Урсаж явсан шөнүүдээ
Болдог бол би тэр үеийн
Улаанбаатарт нэг очмоор
Ботинктой найрагчийн араас
Шөнөжин дагаж алхмаар
Тэндээ үлдмээр
Гуйлгачин, баян, архичин, тариачин
Гурван үеийн залуус
Чиний шүлгээр эр болсон
Гараа алдлаад дүүлэн нисэх эрхгүй
Тэр Монголоос Ганцхан хувь Чойномтой
Монгол Чиний шүлгээр бүтэн болсон
Тамхиныхаа утаан дундаас сөдийх өвс
Тоо томшгүй олон
Танилын мөртүүд дундаас Чойном
Өндөлзөж ирээд бөхдөг
Архины шилний ёроолд хөвөх
Ардын гуниг одоо ч арилаагүй
Аалзны тор мэт үзүүрээ алдсан саарал хотод
Авралын дуу алсаас ч сонсогдохгүй
Тамхины утаа сарних бүрд
Танил нэг хоосрол үлддэг
Танил тэр хоосрол дотор л
Таны үлдээсэн мөр үргэлжилдэг.
Айлын нэрсэн айраг шиг
Алсаас исгэрэх исгэлэн салхи аа
Өрөвдөлтэй амьдрал
Өргөн Монголын ганцаардал дунд
Өөрөөсөө ч үнэнийг нуугаагүй болохоор
Өөдөөс чинь энэ хорвоо
Чулуу нүүлгэсэн биз
Өндөр босготой гэрийн
Хатавч нь хүртэл гялалзахад
Өндийж хараагүй болохоор
Өөдөөс чинь энэ хорвоо
Өлийж ирээд буу шагайсан биз
Дэрэн дээр ганцаар цөхөрч хэвтэхдээ ч
Дэлхий чи хуурмаг гэж дуулсан дуучин нэг бий
Дэлхийг хуурмаг гэж дуу аялахдаа ч
Дэрэн дор хэвтэх шүлгээ
Дэвүүлэн дэвүүлэн нисгэж чадсан шүлэгч тэнд бий
Энд эх хүн шүлэг бичихийг
Эмгэнэл шиг харна, элдэвлэж харна
Эр болж төрөөгүйн төлөөх
Эрчлэн онилох олон ониотой
Эвшил хатан бутарч хагдравч
Эх хүний цээжнээс
Сүү ч урсана
Шүлэг ч ханхална
Эр хүн шиг эрэмгий дуулаагүй болохоор
Энгэрт нуугдсан шарх хүртэл эгшиглэнэ
Эрээ цээргүй ширтэх элдэв олон харцыг
Эгнүүлж өрөөд
Эрх чөлөөтэй солиорч суух ширээг
Чи бидэнд үлдээсэн
Ширээн дээр асгарсан
Хоолны үлдэгдэл шиг шөнүүд ээ
Шүгэл мэт исгэрэх салхи чинь хүртэл
Чойном үгүй ширээний
Баруун сандлыг хөдөлгөнө өө!
***
Яруу найрагч Л.Торой (Гутгаар байр)
Чойном
(Их найрагчийн 90 насны ойд зориулав)
Хээр талд явган хүн алхана
Дээр тэнгэрт нэгэн шувуу дагана З
ээр хоносон тал анир гүмхэн
Буурь адил дугуйрах хэвтэр нь бүлээхэн...
Хэтний уул түүхээр тэр иржээ,
Хэнтийгээ орхиж гарснаас хойш
Хэнтэйгээ ч уулзалгүй он удав
Хэн нь хэнийг таниад сэтгэл гутав.
Хиртэй ус нүүр лүү цацах шиг
Хэчнээн их доромжлолыг амсав
Хэтний уул түүж, гал залгахаар
Хээр талдаа ирэхдээ л сэтгэл ариусна...
Галгүй хүмүүсээс гал гуйгаад нэмэргүй
Ганцаардлыг, ганцаараа л давахаас аргагүй
Газар дэрлэн унасан орь хүслийг нь
Галт шувуу амилан дахин нисэх шиг, нисгэх
Нутагтайгаа байхад нуруу цэх алхана
Нулимс, эр хүнд, цуснаас нь ч үнэтэй
Илүү чанга хашхирснаар нь эр зоригийг хэмждэггүй
Билүү, чулуунаас зөөлөн ч хутга хурцалдаг аа...
Дээл шиг эх орон нь
Дэлхийн гүрнүүдийн дунд хавчуулаастай
Дэвтрийнх нь завсар, цагаан уул хавчуулаастай
Дээд тэнгэрт цагаан шонхор хараачлаастай...
***
Бид өөрсдөө
Ц.НАМСРАЙ
Олноос онцгой өөрийгөө үнэлэгсэд
Оюуны хомсдолд идэгдэгсэд
Албин чөтгөрийн сүнстэнгүүд
Аархан бяралхаж
Аугаа ухаантан мэтээр
Өөрийгөө дөвийлгөнө
Өргөмжилж сүржигнэнэ
Өрөөл бусдыг өчүүхэнд тооцож
Өмдний бөөснөөс дорд үзнэ
Аялгуу сайхан монгол хэлээ
Ад үзэх мэт сэмлэж, сэглэж байна
Зальхай хулхи бэртэгчингүүд
Үндэсний өв соёлоос хөндийрөгсөд
Зусрын бялдууч сайчууд
Бүгд л од боллоо гэж дэвхцэнэ
Бүр зурагтаар саахалзана
Хэвлэлээр хээхэлзэнэ
Орчлонд ганцаараа сүрхий юм шиг
Омголон гүүмэг соотолзоно
Эрээвэр хураавар этгээдүүд
Энэ цагийн эвэртэн тууртнууд
Арван таван толгойтой
Атгаалжин хар мангас мэт
Монголчууд биднийгээ морь малтай нь
Монгол орныг алт эрдэнэстэй нь
Өрөвхийн сорж
Өөд нар харуулахаа болив
Хаврын хэрзгэр адуу шиг
Харцага ястай нь хатааж байна
Сархдад хөлчүүрэгсэд
Цэвэр ичимхийгээ гээсэн бүсгүйчүүд
Ариун цусаа булингартуулж
Сүүн сэтгэлээ ээдүүлж
Тэнгэрийн хөх тамгаа
Ташаан дээрээсээ арчиж байна
Авах, идэхэд шүлэнгэтэгсэд
Араа шүдээ билүүдэгсэд
Зуу наслахгүй мөртлөө
Мянган жилийн хөрөнгө мөнгө
Хулгайлж луйвардахын төлөө
Хуруу хумсаа хурцална
Зуун зууны тэртээгээс
Мятаршгүй зоригт өвөг дээдсийн
Эрдэнэт биеэ золиослон байж
Эдүгээгийн бидэнд өвлүүлсэн
Бумбын сайхан орныг маань
Хархны ган соёогоор
Хэмлэж сэмлэж дуусах нь байна
Биеэ өргөмжлөн ихэрхэгсэд
Болчимгүйгээсээ саваагүйтэн сарталзагсад
Алдар хүнд албан тушаалын хэнээтнүүд
Ариун махбод цусаа бузарлагсад
Хуурмаг сэтгэхүйд эзэмдүүлэгсэд
Хүний арьс хэдэрсэн бэрдүүд
Хулгайч, луйварчин та бүгдийг
Адгийн гайхлууд
Арчаагүй нүгэл хилэнцтэнгүүд хэмээн
Арван давхар шүүлтүүрээр
Арз шиг аагтайгаар нэрсэн
Ардын мэргэ үг
Андуугүй баталж байна
Тэнгэрийн тамгатны үр сад бид
Ташуураа бариад мордвол
Дэлхийг ч донсолгож
Далайг ч долгилуулдаг иртэйсэн
Тархиа даамайхан сэргээвэл
Тойгтныг ч сөхрүүлж
Толгойтныг ч бөхийлгөдөг чадвартай сан
Зүүд зэрэглээнд хууртагдан
Зүүрмэглэж удаан дугжирвал
Хорвоогийн хязгааргүй орон зайд
Хумхын тоос болон үмхэр ч мэднэ
Үндэс угсаа, ёс заншлаа умартвал
Унхиагүйн мананд будангуйрч
Улс орныхоо тусгаар тогтнолыг
Углуургаар нь ганхуулж ч магад
Ай халаг Алтан нар илчтэйгээ байна
Асар тэнгэр эрчимтэйгээ байна
Амин цус минь буцалж байна
Аврагч бурхад бид өөрсдөө л байна
Сэрэх сэн, сэхээрэх сэн та минь