Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос “Компанийн засаглалын кодекс”-ийн өнгөрсөн оны үзүүлэлтийг олон нийтэд танилцууллаа. Тус кодексийг даатгагч, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын менежментийн компани, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дагаж мөрдөх үүрэг хүлээдэг. Эл ангилалд хамаарах 160 этгээдийн 2025 оны жилийн дундаж үнэлгээ 77.8 хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл, эдгээр компани засаглалын кодекст заасан шаардлагыг ийм түвшинд хэрэгжүүлж байна гэсэн үг юм. Энэ нь 2024 оныхтой харьцуулахад 1.3 хувиар буурсан үзүүлэлт аж.
Мөн тайлант хугацаанд мэдээллээ шинэчлэн ирүүлсэн 114 этгээдийг дахин хянахад эл гүйцэтгэл 81.6 хувьд хүрснийг СЗХ-ны тайланд дурджээ. Харин үнэт цаасаа нийтэд арилждаггүй хаалттай компаниудад тус кодекст заасан зарчмуудыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхийг зөвлөдөг аж. Тус кодекс нь компанид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засаглалын зарчмууд, сайн туршлагыг нэвтрүүлэх замаар хөрөнгө оруулагч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, урт хугацаанд тогтвортой үнэ цэн бүтээх зорилготой юм. Уг үзүүлэлтийг тодорхойлохдоо 36 зүйлийн хэрэгжилтийн асуумж ашигладаг төдийгүй ТУЗ болон түүний дэргэдэх хороодын үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн, мэдээллийн ил тод байдал, дотоод засаглалыг голчлон харгалздаг гэнэ.
Д.Хэрлэн