“Тохиролцох нь хэдхэн цагийн асуудал” гэж хэлэхдээ Марко Рубио ер эргэлзээгүй. Гэтэл үүнээс хойш тун удалгүй Дональд Трамп “хэлэлцээр хийгчид яарах хэрэггүй” гэж хэлснээр үйл хэрэг удаашрав. Энхийг тогтоох үйл явц яст мэлхийн хурдаар мөлхөж байна. Хэн үүнийг сунжруулаад байна вэ. Иран чууд биш болох нь илт. Тус улс хүнд хэцүү түрэмгийлэл үзэж, улс орноо сэргээн босгоход нь бат бэх энх амгалан байдал ус, агаар шиг хэрэгтэй байгаа. Тохиролцоог сунжруулж дахин шинэ цохилт өгөхийг хүлээж өөртөө эрсдэл уч руулахыг Тегеран зөвшөөрч хэрхэвч болохгүй.
Хэвлэлд мэдээлж буйгаас үзвэл Иран тавьсан шаардлагынхаа ихэнхийг ёсоор болгож, энэ зөрчил тэмцэлд ялалт байгуулсан гэж хэлж болохоор байлаа. Иран наад зах нь нефтиэ дахин худалдаж, хоригоо цуцлуулж, царцаагдсан хөрөнгөө буцааж авч ч болохоор. Цаашилбал, цөмийн хөтөлбөрөө ч нууж хаалгүй үргэлжлүүлэхээр. Үүний хариуд Ормузын хоолойг нээхийг Тегеран амлаж, өөрөөр хэлбэл, Америк-Израилын түрэмгийлэл эхлэхээс өмнөх үеийн байдалдаа эргэж ормоор. Ирантай өмнөх Ерөнхийлөгч Обамагийн хийсэн хэлэлцээрийг Трамп хайр найргүй шүүмжилж байсан ч одоо болохоор өөрөө мөн түүнтэй адил нөхцөлөөр гэрээ байгуулахаас аргагүй болов. Тэгвэл дайн ямар хэрэгтэй байсан юм бэ хэмээн дэлхий дахин асууж байлаа.
Өргөн цар хүрээтэй хямралаас АНУ бүрэн зайлсхийж чадахгүй нь. Бензиний үнэ өсөж, инфляц нэмэгдэж байгаа нь зах зээл унахад хүргэж, энэ нь ам.долларын болон Америкийн эдийн засгийн хувь заяаг айхтар бүрхэг болгож буй юм. Үүнээс илүү гарц Америкт байхгүй. Тиймээс боломжийг алдахгүйн тулд Тегерантай байгуулах гэрээг аль болох саатуулахыг хичээж байна. Иранчуудад тавьсан шаардлагыг нь биелүүлэхээс нааш Тегеранд тавьсан усан замын бүслэлтээ зогсоохгүй хэмээн Трамп амласан юм. Хятад, Оросын нефть ачсан хөлөг онгоцуудыг нэвтрүүлснээр дэлхийн нефтийн худалдаанд Иран биш, уг чанартаа эдийн засгаа аврах горьдлого тээсэн америкчууд саад учруулж байна.
Израил “тоглолт”-оо үргэлжлүүлж, газар нутгаас нь авчих санаатайгаар Ливанд цохилт өгсөөр. Ормузын хоолойг чөлөөтэй болгох нь бүх улсад чухал байгаагаас тэнд энх амгалан тогтоохыг дэлхий дахин хүлээж буй юм. Гэтэл Вашингтон “өнөөдөр чи үх, маргааш би” гэх зарчмаар хөдөлж, дайныг ашигтай гэж үзэж буй. Цуст түрэмгийлэл америкчуудад үр ашгаа өгсөн нь нэг бус удаа, харин одоо бол амжилт олоход найдахааргүй байгаа юм.
Дональд Трамп зөвлөгчидтэйгөө уулзаж ярилцсан ч гал зогсоох хугацааг сунгаж, Ормузын хоолойг дахин нээх тухай гэрээ байгуулах талаар шийдвэр гаргасангүй. Америкийн төрийн ажилтнуудын өгүүлснээр урьд нь байгуулсан гэрээ ёсоор эвлэрлийг 60 хоног сунгаж, Ормузын хоолойг дахин нээж, Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах ёстой. Тегеран бас ураны нөөцийнхөө үлэмж хэсгийг бусдад өгөх учиртай. Гэтэл Ираны тал хараахан эцэслэн тохиролцоогүй гэж үзэж буй. Тегеран тэгэхдээ Ормузын хоолойгоор өнгөрч буй хөлөг онгоцнуудаас хоёр сая хүртэлх ам.долларын гаалийн татвар авч байгаа, үүнийг олон улсын далайн худалдааны үндсэн зарчмын нэг болох энхийн хөлгийг чөлөөтэй зорчуулах зааврыг зөрчсөн гэж шинжээчид үзэж байв.
...АНУ-ын Тэнгисийн болон агаарын цэргийн хүчний цэрэг, зэвсэг урьдын хэвээр Иранд төвөггүй хүрэх зайд бэлэн байна. Үүгээрээ Тегеранд үзүүлж буй дарамт шахалтаа хадгалж, буулт хийлгэхийн тулд цохилт өгөхөд бэлэн шүү гэдгээ харуулахыг зорьж байгаа юм. Ираны дэглэм ч зэвсэгт хүчнээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байлгаж, АНУ, Израилын учруулсан хохирлыг нөхөхөд эвлэрлийн богино ч гэлээ үеийг ашиглаж байгаа гэдэгт эргэлзэх юун. Иранчууд ч эсэргүүцэн тэмцэхэд бэлэн байдлаа өөрчлөхгүй, шаардлагатай нөхцөлд Америкийн цэргийн баазууд болон Персийн булан дахь дэд бүтцэд нь цохилт өгнө гэж АНУ-д ойлгуулахыг хичээж байна. Ормузын хоолойг нээвэл хариуд нь хоригоо юм уу, хөрөнгийг нь царцааснаа цуцлах гэх мэт нөхөн төлбөр иранчууд нэхэж буй аж. Бүхий л байдлаар энэ бүхэн нь дорвитойхон хэлэлцээр эхлүүлэх чухал нөхцөл болох юм. Одоогийн байдлаар хэзээ ч байгаагүй амьдралын чухал орчин болоод байгаа тэнгисийн энэ замаар хэдхэн хөлөг онгоц л явж өнгөрч байна. Саудын Араб Улаан тэнгист байгаа өөрийн зогсоолууддаа нефть аваачиж, Арабын нэгдсэн Эмират Оманы булан руу гардаг дамжуулах хоолойг ашиглаж, дэлхийн бусад улс нефть, хий нийлүүлэх ердийн боломжийнхоо 20 хувийг болон чухал хэрэгцээт экспортоо алдаж байна. Ер нь хоолойг хааж бүсэлснээр дэлхийн эдийн засагт сүйрэл учруулж байна гэхэд хилсдэхгүй.
АНУ-ын Ерөнхийлөгч, түүний ойрын холбоотон Израилын Ерөнхий сайд нар Исламын дэглэмийн эсэргүүцэхэд бэлэн байдал, тэдний довтолгоог тэсвэрлэн давах чадлыг ихэд дутуу үнэлжээ. Трамп бол бий болсон нөхцөл байдлаас зүгээр нэг гараад явчихаж чадахгүй. Ираны дэглэм түүнд зөөлөн хоол биш нь нэгэнт харагдав. Израилтай хамтран АНУ-аас шинээр үзүүлэх цохилт иранчуудыг байр сууриа өөрчлөхөд хүргэж чадахгүй нь. Нефтиэр баян Персийн булангийн Арабын орнууд ч цаашид хохирол хүлээгээд байхыг хүсэхгүй байна. Дайн тэдэнд хүндхэн цохилт өгсөн, тогтвортой бүс нутаг гэсэн нэр хүндээ сэргээхэд одоо олон он жил шаардагдана.
Ираны довтолгооны хариу болгож Саудын Араб цохилт өгсөн. Энэ нь АНУ, Израилтай эвсэл бололгүй бие дааж хийсэн үйлдэл гэдгээ ч Тегеранд ойлгуулсан. Ормузын хоолойн орчинд өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ, Иран улс харилцан цэргийн байгууламжуудад цохилт өглөө. Америкийн өгсөн цохилтын хариуд Кувейтэд байгаа нисэх хүчний баазад нь Иран өнгөрсөн долоо хоногт мөн довтолжээ. АНУ дахин агаарын цохилт хийвэл түүнд өгөх хариу ихээхэн өөр байх болно гэж Ираны цэргийн дарга нар мэдэгдээд байна. Гал зогсоох дэглэм АНУ, Ираны хооронд уг нь дөрөвдүгээр сараас эхэлсэн юм. Америк, Иран хоёр эвлэрэхээр хэлэлцэн тохироход ойрхон байна гэж Трамп нэг бус удаа мэдэгдсэн. Трамп болохоор Ираныг цөмийн хөтөлбөрөөрөө тодорхой буулт хийхийг шаардаад байдаг юм.
Р.Жаргалант