Европын охидын математикийн олимпиад буюу “EGMO-2026”-д Монгол Улс амжилттай оролцлоо. Олимпиадыг Франц улсын Бордо хотод зохион байгуулсан бөгөөд 65 улсын 260 орчим охид оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлджээ. Европын охидын XV олимпиадад манай улсын охидын баг хоёр мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрт шалгарсан бахдам амжилт үзүүлж, нийлбэр дүнгээр 13 дугаар байрт бичигджээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн “Төгс алгоритм” сургуулийн сурагч Т.Жавланзаяа, “Шинэ эрин” сургуулийн сурагч М.Амин-Эрдэнэ нар мөнгө, нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч А.Ану хүрэл медаль хүртэв. Харин “Эрдмийн хишиг” сургуулийн сурагч Н.Болор тусгай байрт шалгарсан юм. Багийн ахлагчаар МУИС-ийн математикийн тэнхимийн багш Т.Хулан, дэд ахлагчаар С.Цогцолмаа, Б.Батбаясгалан нар ажиллажээ. Мөн энэ жилийн тухайд бодлогын засалтын багт “EGMO-2022” олимпиадын хүрэл медалийн эзэн, Италийн “Болонья” их сургуулийн оюутан Н.Сувд ажилласнаараа онцлог болжээ.