Монголд спортын түүх, тамирчдын амжилтын талаар өгүүлсэн ном цөөнгүй хэвлэгдсэн ч өвлийн олимпод манай улсын баг дэлхийн шилдгүүдтэй хэрхэн өрсөлдөн эрх авч, эх орноо төлөөлж оролцсоныг нээлтийн үйл ажиллагаанаас эхлээд хөшгөө хаах үйл явцын хором, мөч бүрийг дуран авайд буулгасан томоохон бүтээл өмнө нь гарч байгаагүй билээ. Тэгвэл “Милан Кортина-2026” өвлийн олимпын XXV наадамд үндэсний шигшээ багийнхнаас цанын “В” зэрэглэлийн ДАШТий хүрэл медальт Б.Ачбадрах Италийг зорьж, гурав дахь олимпдоо оролцсон, гүйлтийн цанын тамирчин Э.Ариунтунгалаг, уулын цанын тамирчин А.Ариунбат нар цагаан олимпын замд мөрөө анх удаа гаргаж, амжилтаа ахиулсан, мөн дасгалжуулагч, эмч, цанын тосолгооны мэргэжилтнээс гадна арын албанд хичнээн хүн ажиллаж, тамирчдадаа урам өгч “цэнэглэдэг”, амжилт эр зориг, итгэл найдвар, зорилго тэмүүллийг дагаж үнэ цэнтэй ирдэг, тэмцээнийг халуун цэгээс үзэгчдэд шуурхай хүргэж буй хэвлэл мэдээллийнхний ажил ямар амаргүй болохыг “Онцгойрч үлдэх олимп” номд үнэн бодитоор өгүүлж, гэрэл зургуудаар батлан харуулсан нь олны хүртээл боллоо.
Энэ удаа Италид онцгойрох олон зүйл манайханд байсан. Тухайлбал, Монголын багийн гурав дахь эрх уулын цаначдын дундаас тодорсон нь онцлох агшин байлаа.Түүнчлэн Монголын шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын нээлтийн ёслолд өмссөн хувцасны загвар, хийц, чанар олон орноос онцгойрч, дэлхийн үзэгчдийн анхаарлыг ихэд татсаны гол учир нь “Гоёл кашмер” ХХК-ийн хамт олны XIII-XV зууны үеийн дээлний онцлогийг орчин үеийн хэв маягтай уялдуулж, түүхэн өв соёлыг өнөө цагийн загварт шингээсэн урлал юм.
Үүгээрээ ч загварын тайзны шүүгчдийг гайхшируулж, монголчууд өвөрмөц түүх, өв соёл, сэтгэлгээ, ахуй амьдралтай болохоо харуулав. Шалгарсан бүтээлүүдийг олон улсын тавцанд танилцуулах ажлын хүрээнд Милан хотод болсон тусгай загварын шоунд Монгол Улс шилдэг 18 орны нэгээр оролцож, ёслолын хувцсаа тамирчид өөрсдөө өмсөн, олонд толилуулсан явдал байлаа. Өвлийн олимпын түүхэнд анх удаа зохион байгуулсан уг шоу нь спорт, загвар, соёлыг нэгтгэсэн өвөрмөц арга хэмжээ байсан бөгөөд Монголын оролцоо нь бас нэгэн онцлох хэсгийн нэг байв. Эрхэм уншигч та бүхэн үүнээс өөр олон онцгой зүйлийг мэдэхийг хүсвэл “Онцгойрч үлдэх олимп”-ийн хуудас бүрээс олж уншаарай.