Азийн хөнгөн атлетикийн холбооны тэмцээн хариуцсан захирал Валсон Куддикотта болон Олон улсын марафон гүйлтийн зайн уралдааны холбооны А зэрэглэлийн зам хэмжигч Муругэсү Сосаймани нарыг урьж, Монголд 11 дэх удаагаа болох “Улаанбаатар-2026” марафоны замыг олон улсын стандартын дагуу хэмжилт хийж, баталгаажуулах ажлыг өнгөрсөн сарын 19-22-нд зохион байгуулсан. Ийнхүү гүйлтийн замыг олон улсын стандартын дагуу хэмжиж баталгаажуулснаар тус гүйлт Дэлхийн хөнгөн атлетикийн албан ёсны календарчилсан төлөвлөгөөнд тусгагдаж, олон улс, тив, дэлхийн шилдэг тамир чид марафонд өрсөлдөн гүйлтийн дээд амжилтаа баталгаажуулах шинэ боломж нээгдэж байна. Сүхбаатарын талбайд ирэх сарын 23-нд эхлэх уг марафонд хурд сорих оролцогчдын бүртгэлийг тавдугаар сарын 1-ний 17.00 цаг хүртэл www.ulaanbaatar.marathon.mn хаягаар авах аж.
Уралдааныг таван үндсэн ангилалд хуваах бөгөөд хамгийн ойрын зай болох 1.5 км-ийн зайд гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс оролцох бол таван кмийн гүйлтэд 12-17 хүртэлх насныхан, 10 км-ийн уралдаанд 18 болон түүнээс дээш насныхан оролцоно. Сонирхуулахад, өмнөд хөршийн Бээжин хотын “Ижуан” эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд спортын нэгэн өвөрмөц үйл явдалд бэлтгэх хүрээнд хүн дүрст роботуудыг анх удаа туршжээ. Туршилтын гүйлтэд Хятадын технологийн тэргүүлэгч компаниуд, их дээд сургуулиудыг төлөөлсөн 20 гаруй баг оролцсон. Тэгвэл тус хотод энэ сарын 19-нд болох хагас марафонд роботуудыг хүмүүстэй уралдуулах гэнэ. Гүйлтэд оролцохоор 32 452 хүн бүртгүүлжээ. Өнгөрсөн онд роботуудыг техникчид даган гүйж алсаас удирдсан бол энэ удаа цахим газрын зураг болон компьютер харааны алгоритмын үндсэн дээр хянаж, бүрэн автомат удирдлагад шилжих аж. Зохион байгуулагчдын мэдээлснээр, тамирчин, оролцогчид болон роботууд гараанаас зэрэг гарч, ижил маршрутаар гүйх нь. Аюулгүй байдлыг хангах үүднээс гүйлтийн замуудыг тусгай хашлага, зам заагчаар тусгаарлах юм.