АНУ-ын Бостон хот дахь Берклийн Хөгжмийн академийн 400 гаруй оюутан, төгсөгч хиймэл оюунаар хөгжим зохиох шинэ сургалтын хөтөлбөрийг эсэргүүцэн онлайнаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. “AI ба дуу хөгжим зохиогчдын ирээдүй” нэртэй хоёр кредит цагтай дээрх сонгон судлах хичээлийг цуцлахыг шаардсан уг санаачилгад одоогоор 400 гаруй хүн нэгдсэн байна. Эдгээр оюутан хиймэл оюунд суурилсан платформууд нь уран бүтээлчдийн зохиол бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж, хөгжимчдийн орлогын эх үүсвэр, ажлын байрыг булаахын зэрэгцээ урлагийн мөн чанар, үнэ цэнийг бууруулах эрсдэлтэй гэж үзэж буй аж. Мөн AI-аар бүтээсэн хөгжим нь “Жинхэнэ уран бүтээлийг орлон тоглох аюултай” хэмээн шүүмжилжээ.
Харин сургуулийн зүгээс байр сууриа хамгаалж, орчин үеийн хөгжмийн салбарт нөлөөлж буй технологийг ойлгож, ашиглах чадвар олгох нь боловсролын байгууллагын үүрэг хэмээн тайлбарлаад “Бид уран бүтээлч төвтэй байгууллагын хувьд оюутнуудаа шинэ технологитой ажиллахад бэлтгэх ёстой” гэж мэдэгдсэн байна. Энэхүү маргаан нь зөвхөн нэг сургуулиар хязгаарлагдахгүй, хиймэл оюун уран бүтээлч дийн ертөнцөд нэвтэрч, нөлөөлж буй өнөөгийн нөхцөлд төрөлх авьяас, ур чадвар, мэдрэмж, боловсрол, ёс зүй, зохиогчийн эрхийн асуудлыг хөндсөн өргөн хүрээний хэлэлцүүлгийн нэг хэсэг болоод буй юм.
Г.Сансар